Төрийн ёслол хүндэтгэлийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх нь наадамчин олны сэтгэлийг хөндөж, монгол хүн бүрийн омогшлыг төрүүлдэг чухал ёслол билээ. Төрийн наадам болон бусад тэмдэглэлт баяраар “Есөн хөлт цагаан туг”-аа залах ёслолыг домогт бор загалгүйгээр төсөөлшгүй.
Төрийн хонжны хүлэглэсэн энэхүү загал төрийнхөө наадамд 17 дахь жилдээ оролцлоо. Морьтон дайчид бор морийг энэ жил тэтгэвэрт гаргахаар тооцож байсан ч уяа сойлго нь таарч, тарга тэвээрэг нь сайн байсан тул дахин төрийн хонжинтойгоо омогшил, бахархалтайгаар наадамчин олны өмнө гарч ирлээ.
Анх энэхүү бор морийг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа Ч.Баярсайхан Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын ажилсаг, хөдөлмөрчөөрөө нутагтаа алдартай нэгэн малчны хотоос өөрийн биеэр очиж, нүдэлж авч байсан түүхтэй аж.

Тус ангийн үе үеийн захирагч нар “Төрийн хонжин” хэмээх эрхэм үүрэг хүлээдэг бөгөөд хурандаа Ч.Баярсайхан гурван жил, хурандаа Л.Батболд долоон жил, хурандаа Ж.Мөнхбаяр гурван жил, хурандаа М.Болдбаатар гурван жил, хурандаа Э.Билэгсайхан анхны жилдээ бор морио хүлэглэн төрийнхөө их баяр наадамдаа оролцлоо.
