Баяр наадмын өдрүүдэд цаг агаар хэт халуун байгаатай холбоотойгоор наадамчдын дунд даралт ихсэх, нарших үзэгдэл их гарч байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд ХУД-ийн эрүүл мэндийн төвөөс яаралтай тусламжийн баг тогтмол ажиллаж иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж байгаа юм. Өчигдөр тус тусламжийн багт наршсан, даралт ихэссэн шалтгаанаар 70 гаруй иргэн хандаж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Даралт ихсэх эмгэг 55-аас дээш насныхан буюу суурь өвчтэй иргэдэд түлхүү тохиолдож байгаа бол нарших явдал бүх насныханд тохиолдож байгааг эмч нарын зүгээс мэдэгдлээ. Нарны хэт ягаан туяанаас нарны малгай шүхрээр 100 хувь хамгаалдаггүй гэдгийг анхаарууллаа. Тиймээс наадамчдыг ус, шингэн тогтмол ууж наршихаас сэргийлэх боломжтойг мэдэгдсэн юм.