horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

Хүти зэвсэгт бүлэглэл өнгөрсөн долоо хоногт хоёр ачааны усан онгоц сүйрүүлжээ

post-img

Йеменийн Хүти зэвсэгт бүлэглэл өнгөрсөн долоо хоногт Улаан тэнгист хоёр ачааны усан онгоцыг сүйрүүлсэн байна.

Эхний усан онгоцыг өнгөрсөн даваа гарагт сүйрүүлсэн бол Израилыг чиглэж явсан ачааны усан онгоц руу лхагва гарагт дайрч, сүйрүүлсэн талаар тус бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч өөрийн нийгмийн сүлжээний хуудсандаа нийтэлжээ.

Тус нийтлэлд тухайн ачааны усан онгоц сүйрч байгаа дүрс бичлэгийг мөн давхар нийтэлсэн бөгөөд усан онгоцыг сүйрүүлэхийн тулд 6 ширхэг далавчит болон баллистик пуужин ашигласан гэж мэдэгдсэн байна. 

Мөн Йеменийн тэнгисийн цэргийн тусгай хүчнийхэн живсэн усан онгоцны багийн гишүүдийг аварсан талаар мэдэгджээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр усан онгоцны багийн 10 гишүүнийг аварч чадсан бол 4 гишүүн амь үрэгдэж, 11 гишүүнийг тэнгисийн уснаас олоогүй байна.

Хүти босогчдын бүлэглэлийн өнгөрсөн лхагва гарагт сүйрүүлсэн, Израилыг чиглэж явсан ачааны усан онгоц Либери улсын туг далбаатай байсныг Marine Traffic вебсайт мэдээлжээ.

Хүти зэвсэгт бүлэглэл Израилын эсрэг дайтаж буй Палестины Хамас бүлэглэлтэй нэгдмэл нэг тал гэдгээ батлаж, 2023 оны 11 сараас эхлэн Улаан тэнгист ачааны усан онгоцууд руу довтлон дээрэмдэж, барьцаалж, живүүлж эхэлсэн бөгөөд хэдийгээр энэ оны 5-р сард Хүти бүлэглэл Улаан тэнгист ачааны усан онгоцууд руу довтлохгүй хэмээн АНУ-тай тохиролцоонд хүрсэн ч тэд дайралтаа үргэлжлүүлсээр байгаа юм.

0/1000