Улсын хэмжээнд 2025 он гарсаар 13 аймгийн 71 сум, нийслэлийн 3 дүүрэг, нийт 204 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн бөгөөд Сэлэнгэ аймагт ой хээрийн 90 гаруй түймэр бүртгэгдлээ. Тиймээс Сэлэнгэ аймгийн онцгой комиссоос ойн бүсэд иргэдийг амарч зугаалах, ууланд алхахыг хориглох шийдвэр гаргажээ. Өнгөрөгч өдрүүдэд УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар Сэлэнгэ аймагт ажиллаж, УОК-ын шийдвэрээр хүн хүч, хэрэгслийг хуваарилан, техник, тоног төхөөрөмж, бензин шатахуунаар ханган, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэж ажиллалаа. Улсын хэмжээнд гарч буй түймрийг унтхаараар түймрийн голомтод нийт 624 хүн, 37 автомашинтай ажиллаж байгаа юм. Тодруулбал онцгой байдлын байгууллагаас 302 алба хаагч, 13 автомашин, мэргэжлийн ангийн 322 хүн, 24 автомашин дайчлагдан түймэртэй тэмцэж байна.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар:
- Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-9
- Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд- 6
- Сэлэнгэ аймгийн Мандал суманд-6
- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд- 1 ойн түймэр бүртгэгдэж, түймрийг унтраахаар онцгой байдлын алба хаагчид яг одоо цаг минуттай уралдан ажиллаж байна.
Ихэнх нутгаар хуурайшилт ихтэй, хур тунадас багатай, гандуу байгаа тул иргэд хөдөө хээр аялж, зугаалахдаа ил задгай гал түлэхгүй байх, үнс нурмаа сайтар таглах, татсан тамхи, асаасан чүдэнзээ заавал унтрааж, бидэнтэй хамтран ажиллаж ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.