Өнгөрсөн зургаадугаар сард УИХ-ын гишүүн Ж.Золжаргал анх шүгэл үлээж, Хотын дарга Х.Нямбаатарыг БНХАУ-аас түлш авчирч шатаах гэж байгаа талаар шүүмжилж байсан. Уг төслийн тендерээ зарлагдаад байсан юм. Нүүрсний арвин баялаг нөөцтэй, нүүрс экспортолдог манайх шиг улс өөрсдөө боловсруулсан нүүрс Хятадаас худалдаж авах гэж байгаа асуудал нь шүүмжлэл дагуулж байгаа юм.
Харин энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар, “Өнгөрсөн жилүүдэд олон хүн угаартаж нас барсан. Үндэсний хороо шийдвэрээ гаргасан, би энэ шийдвэрийг хэрэгжүүлж байгаа. Үндэсний хороо хагас коксжсон нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ гэж шийдвэрлэсэн. Энэ нүүрсийг Хятадаас 200 тэрбум орчим төгрөгөөр аваад энд савлаад хэрэглээнд нэвтрүүлнэ. Монгол хагас коксжих нүүрсний үйлдвэр байхгүй учраас урдаас авах юм” хэмээн тайлбарласан байдаг.
Тэгвэл баяр наадам хот хөдөөгүй үргэлжилж байгаа эдгээр өдрүүдэд Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар тендерээ зарлаж, сонгон шалгаруулалтаа явуулж, энэ сарын 28-нд асуудлыг шийджээ. Тодруулбал дээрх тендерийг зургаадугаар сарын 13-нд зарлаж, долдугаар сарын 28-нд хаасан байна. Тодруулбал, БНХАУ-аас “Хагас коксжсон буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш авах”-д 226,287,000,000 төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Уг тендерийг “Таван толгой түлш” ХХК явуулсан бөгөөд тендерт Хятадын “Shaanxi coal chemical industry group shenmu energy developments LTD wuzhuo branch” ХХК шалгарсан байна. Ингээд өөрсдийнхөө олборлосон нүүрсээ зарж борлуулж чадахгүй төсвийн орлогоо тасалдуулж байгаа Монгол улс эргээд Хятад улсаас нүүрс худалдан авахад татвар төлөгчдийн мөнгийг зарцуулж эхлэх нь.