Баян-Өлгий аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутагт орших Хар нуурын эх орчимд Монгол Улсын хилийн 46 дугаар тэмдэгтээс 2 км зайтай газарт энэ сарын 5-нд хээрийн түймэр гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хааагчид, Булган сумын Мэргэжлийн ангийнхан уг түймрийг 8-р сарын 9-ний өдрийн 10:40 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн нутгаар урсах Бусын голд түймэр гарсныг 8-р сарын 7-ны өдрийн 14:22 цагт сансрын зургаар илрүүлсэн юм. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн алба хаагчид уг түймрийг унтрааж байна. 8-р сарын 10-ны өдрийн байдлаар тэд 2 бүлэгт хуваагдан ажиллаж, түймрийн хойд болон зүүн хэсгийн тархалтыг зогсоожээ. Тэд өчигдөр орой 18:00 цагийн үед эл түймрийг цурманд орууллаа.
Завхан аймгийн Баянхайрхан сумын Төөнт багийн нутагт орших Хамар даваанд 8-р сарын 9-ний өдрийн 19:05 цагт гарсан түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын 39 дүгээр анги, 43 дугаар анги, 57 дугаар анги болон Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Асгат, Баянхайрхан, Түдэвтэй, Сонгино, Тэс сумын мэргэжлийн анги хамтран унтраах ажиллагааг зохион байгуулж байна. Уг түймрийг өчигдөр орой 18:00 цагийн орчимд цурманд оруулав.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн Үрчин гэдэг газар 8-р сарын 10-ны өдрийн 10:00 цагт дэгдсэн түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид мөн өдрийн 22:25 цагт цурманд орууллаа. Өчигдөр бүрэн унтраасан байна.