Тээврийн цагдаагийн алба “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл 2025” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг 6-8 дугаар сард зохион байгуулж байна. Зуны амралт дуусаж, орон нутгаас төв сууринг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул замын цагдаа нар орон нутгийн замд эрчимтэй хяналт тавьж эхэлжээ.
- Зам, замын байгууламжаас шалтгаалан гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх, авто замын эвдрэл, гэмтлийг шуурхай засварлуулж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулах
- Замын хөдөлгөөнд оролцогчдод замын хөдөлгөөний дүрмийг сурталчилан таниулах, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг олон нийттэй хамтран зохион байгуулах
- Улаанбаатар хотоос гадагш 150 километрийн радиуст олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замд хөдөлгөөнт эргүүл ажиллуулах
- Орон нутгийн замд осол гарч байгаа хэд хэдэн шалтгаан байгаа. Үүнд:

-Хурд хэтрүүлэх
-Хориглосон, аюул бүхий хэсэгт болон аюулгүй байдлыг хангахгүйгээр гүйцэж түрүүлэх, эсрэг урсгалд орох;
-Хамгаалах бүс хэрэглэхгүй хөдөлгөөнд оролцох ялангуяа зорчигчид хэрэглэхгүй асуудал;
-Хэт ядарсан үедээ жолоо барьдаг;
-Том оврын ачааны автомашин зорчих болон зам дээр эвдрэл гэмтэл бусад шалтгаанаар зогсдог. Энэ үед аюулгүй байдлаа хангахгүй ослын зогсолтын тэмдэг тавьдаггүй, гэрэлтүүлэх хэрэгсэл байхгүйгээс осол гарах нөхцөл бүрдүүлдэг.
-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих, туршлагагүй хүнд жолоо шилжүүлэх зэрэг зөрчлийг нийтлэг гаргадаг.
Иймд иргэд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөн эхлэхээсээ өмнө зам орчноо шалгах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, анхаарал болгоомжтой, хурдаа тохируулан, хамгаалах бүс болон хүүхдийн аюулгүй тээвэрлэлтийг ханган өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөндөө яаралгүй тайван соёлтой оролцож явахыг уриалж байна.