horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Өвс, тэжээл нөөцлөх ажлыг оромдохоо больё

post-img

Нийт нутаг дэвсгэрийн 40 орчим хувь гандуу байна.

Газрын гарц муу, өвөлжилт хүндэрч болзошгүй тухай мэдээлэл “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах тухай” Засгийн газрын тогтоолтой зэрэгцэн хөндөгдөв. Мөн аймаг, сумын фондод нөөцөлж байгаа өвс, тэжээлийн хэмжээ яг үнэн гардаг уу гэдэг нь ч асуудал дагуулна.

Харин энэ жилийн өвс, тэжээлийн нөөц хэр байгаа, тоон дүнг хэрхэн гаргах, бодит байдалд дүйцүүлэх эсэх талаар ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Улсын онцгой комиссын III хуралдааны үеэр мэдээлэл өглөө. Ингэхдээ өвс, тэжээлийн хэмжээг аймгийн дүнгээр биш, сум тус бүрээр тооцон гаргаж байгаа аж. Өмнө нь аймаг, аймгаар гаргадаг байсан тоон мэдээллийг одоо сум, сумаар нь гаргах юм байна.

Гандуу, өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа аймаг, сумдын аюулгүйн нөөцөд бэлтгэх өвс, тэжээлийн хэмжээг энэ жил хаваржих малын тооноос хамааруулан, өмнөх жилүүдийнхээс 1-2 дахин нэмэхээр тооцжээ.

Цаасан дээр л бүртгэдэг өвс, тэжээлийн хангамжийн тоон мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар хамтран хянахаар Улсын онцгой комиссын III хуралдаанаас шийдвэрлэлээ. Болзошгүй аюул, ган, зудын эрсдэл үүсэхэд аюулгүйн нөөц дэх өвс, тэжээл хаанаа ч хүрдэггүй. Асар их өвс, тэжээл нөөцөлсөн гэж намар нь баахан тоо мэдээлдэг. Яг зуд болоод, тэр өвс, тэжээлийг нь малчдад өгөх гэхээр жаахан юм байдаг. Үүнийг таслан зогсоох алхам гэж албаныхан үүнийгээ тайлбарлав.

Харин Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлалын хэлтсээс гангийн төлөв байдлыг (наймдугаар сарын эхний 10 хоногийн байдлаар) орон зайн өндөр нарийвчлалтайгаар үнэлэхэд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Дундговийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Дорноговийн зарим, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатарын цөөн сумдын нутгаар гандуу болон гантай байна. (1 дүгээр зураг). Өөрөөр хэлбэл нийт нутгийн 61 хувьд гангүй/хэвийн, 22 хувьд гандуу, 17 хувьд гантай гэжээ.

Ингэхээр өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг хаа хаанаа оромддог биш, бодит тооцоотой ажил хэрэг болгосон цагт л сая нэг улс даяар өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангасан талаар бодит зүйл ярьдаг болох юм.

0/1000