Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.08.16/ “Шивээ-Овоо”ХК-ийн уурхайд ажиллав. Уг уурхай Монгол Улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн 28%, “ДЦС-4” ТӨХК-ийн 50%, Амгалан дулааны станцын 80%, орон нутгийн станцууд болон төмөр замыг нүүрсээр хангадаг. Энэ онд 2.5 сая тонн нүүрс олборлож, нийлүүлэхээр төлөвлөжээ. Одоогоор 60 гаруй хувийг нь нийлүүлээд байна.
Уурхайчдын тогтвор сууршилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж, гүйцэтгэлийн үнэлгээг 50 хүртэл хувиар үе шаттайгаар нэмэгдүүлэх, уулын ажлын төлөвлөгөөг судалгаа, тооцоотой гаргах, нөөц нэмэгдүүлэх, техникийн шинэчлэл хийх, үр ашгаа сайжруулж, богино хугацаанд өр төлбөрөө барагдуулахыг Ерөнхий сайд уурхайн удирдлагуудад даалгалаа.

Ерөнхий сайд Г. Занданшатар:
-Уурхайн ажилчдыг аяны шувуу шиг түр байлгаж болохгүй. Тийм учраас урамшуулал болон ажлын гүйцэтгэлээр цалинжих хэмжээг 30-50 хувиар нэмэгдүүлж, ажиллах нөхцөлийг нь сайжруулах хэрэгтэй.
Өндөр хүүтэй зээл авах болон үр ашиггүй худалдан авалт хийхгүй байх, худалдан авах ажиллагааны хяналтыг сайжруулж, тоног төхөөрөмж худалдан авах нэгдсэн стандарттай болгохыг онцгойлон анхааруулъя.
