horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Хүний юманд хүрз барьсан барам шиг хандсаар байх уу?

post-img

“Ард” кино театрын зүүн талд байрлах бичил цэцэрлэг өнөөдөр яг ийм байдалтай болоод байна. Хүүхдүүд тоглож, залуус уулзан, хөгшид нарлах энэ бичил цэцэрлэгийг өнөөдөр өндөр хашаагаар хашиж, яах нь тодорхойгүй нөхцөл байдалд орууллаа. 1935 оны тавдугаар сарын 1-нд үйл ажиллагаа нь эхэлж байсан “Ард” кино театр аль хэдийнэ үгүй болсон. Одоо бичил цэцэрлэг нь өнөө цагийн өнгөнд үгүй болж мэдэх нь.

Энд зөвхөн барилга барих, өндөр тауэр босгох гэж буй бол өөр хэрэг. Угаасаа хувьд очсон цагаасаа эхлэн зориулалтын бусаар ашиглаж, түрээсийн байр болгон өнгө төрхийг нь нэгэнт алдагдуулсан “Ард” кино театр олны хэл ам бишгүй дагуулдаг. Харин нийтийн эзэмшлийн талбайд байгуулсан бичил цэцэрлэгийг хашиж, бизнес зэрэглэлийн байшин барих нэрийдлээр ногоон орчинг хаших, үгүй хийх, нийтэд ашиглуулахгүй байх эрх тэдэнд бий юү?

Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт 1 хүнд 6.7 ам метр ногоон орчин ногдох ёстой. Энэ нь Дэлхийн томоохон хотуудын дунджаас 3-4 дахин бага гэсэн статистик ч бий. Гэтэл цөөхөн, хэдхэн бий болгосон цэцэрлэгтээ хүнийрхүү сэтгэлээр хандаж, хүрз барин дайрах нь хэнийх ёс вэ?

1-р курсийн оюутан: Э.Билгүүн:

-Би одоо 23-р сургууль орохоор явж байна. Уг нь энд уулзъя гэж тохирсон боловч ингээд хашаа барьчихаж. Өнөөдөр л мэдлээ. Бидний ганц болздог газарт хашаа барьчихлаа.

Оюутан Ц.Төгсбаяр:

-Манайх энд ойрхон байдаг. Сүхбаатар дүүргийн иргэн. Өглөө, оройдоо салхилахаар гарахдаа энд сууж, цагийг өнгөрөөдөг юм. Заримдаа найзуудаа дуудаж, бөөндөө орой сууна. Тэгээд ч хотын төвдөө байдаг, модтой цөөхөн газрын нэг нь энэ шүү дээ. Яагаад ингэж хашсаныг мэдээгүй. Барилга барихаар хашсан юм шиг байна. Өнөөдөр энд найзтайгаа уулзах байснаа болиод, өөр газар луу явж байна.

Хан-Уул дүүргийн иргэн Ц.Нарангэрэл:

-Ингэж хашсаныг өнгөрсөн 4 дэх өдөр л мэдлээ. Өглөө, оройдоо энүүгээр байнга ажилдаа явдаг.

Заримдаа сууж амарна. Гэтэл ингээд хашчихсан байна. Мэдэхгүй ээ, байгаа юмаа яагаад ингээд үгүй хийгээд, иргэддээ чиглэсэн юмаа хааж боогоод байдгийг ерөөсөө ойлгодоггүй. “Ард” кино театр хувьчлагдсанаасаа хойш зориулалтаараа ажиллаагүйг хотынхон бүгд л мэдэж байгаа. Хийвэл хийхээр л хугацаа өнгөрлөө. Даанч юу ч хийсэнгүй. Одоо бүр мод бут нь овоо ургаад, гоё болсон газрыг хашчихлаа. Энэ янзаараа барилга эхлэх яагаа ч үгүй л харагдаж байна.

Иргэд ийн ярьж байна. Урин дулаан цаг дуусах хаа ч байсан юм. Намрын налгар өдрүүд үргэлжилнэ. Хотын хөдөлгөөн одоо л эрчимжиж, хөдөө гадаа явсан хүмүүс цуглана. Хотдоо багтаж ядан бужигнах улаанбаатарчуудад ногоон орчин, тохижилт бүхий цэцэрлэг ус агаар шиг хэрэгтэй байна. Хэн дуртай нь хашаа хатгаж, хэн дуртай нь бизнес зэрэглэлийн барилга барих нэрийдлээр нийтийн эзэмшилд дур зоргоороо авирлаж таарахгүй.

0/1000