Улирал солигдох үед хүний циркадиан ритм буюу бие махбодийн дотоод цаг өөрчлөгдөж, унтах, идэх, сэрэх хэв маягт өөрчлөлт ордог байна. Мөн зарим хүн “өвлийн уйтгар” буюу Seasonal Affective Disorder (SAD) гэж нэрлэгддэг улирлын сэтгэл гутралд өртдөг гэжээ.
Сэтгэл судлаачдын тайлбарласнаар зун, намрын заагт, улирал солигдох үед сэрүүн салхи, нарны гэрэл багасах зэрэг нь хүний сэтгэл санаанд нөлөөлж, эрч хүч багасах, уйтгарлах, нойрны хэв маяг алдагдах, гунигтай, бодлогошронгуй мэдрэмж төрүүлдэг гэнэ. Тухайлбал хүйтэн, бороотой, салхитай өдөр хүмүүсийн хөдөлгөөн багасаж, гэртээ илүү их цаг өнгөрүүлэхэд хүрдэг байна. Энэ нь энергийг бууруулж, сэтгэл санаанд нөлөөлж буй аж.
Тиймээс улирал солигдох үед тогтмол дасгал хөдөлгөөн хийх, нарны гэрэлд гарах, хангалттай амрах болон найз нөхөд, гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх нь сэтгэл санааны хэлбэлзлийг зөөлрүүлэхэд тустай гэж зөвлөж байна.