Энэ жил тариалангийн төв бүсэд хур тунадас бага, ургац муутай байгаагаас шалтгаалан, манай улс дотоодын хэрэгцээний төмс, хүнсний ногоогоо хангаж чадахгүй байдалд оржээ. Улаанбуудайн 64 хувь, төмсний 72.8 хувь, хүнсний ногооны 62.5 хувийг дотоодоос хангана.

Энэ талаар өвөлжилтийн бэлтгэл хангах өргөтгөсөн хуралдааны үеэр салбарын яам танилцууллаа.
Улсын хэмжээнд 2025 онд 312.8 мянган га-д үр тариа, үүнээс 272.8 мянган га-д улаанбуудай, 12.9 мянган га-д төмс, 15.9 мянган га-д хүнсний ногоо, 87.2 мянган га-д малын тэжээл, 148.5 мянган га-д тосны ургамал нийтдээ 577.5 мянган га-д тариалалт хийж өнгөрсөн оны гүйцэтгэлтэй харьцуулахад 60.7 мянган га-аар буюу 10.5 хувиар тариалалт буурсан байна.
Ургацын урьдчилсан балансаар 276.4 мянган тонн үр тариа, үүнээс 255.5 мянган тонн улаанбуудай, 88.3 мянган тонн төмс, 164.1 мянган тонн хүнсний ногоо, 40.7 мянган тонн тосны ургамал, 100.5 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах төлөв гарч нийт хүн амын хэрэгцээт улаанбуудайн 64 хувь, төмсний 72.8 хувь, хүнсний ногооны 62.5 хувийг дотоодын ургацаас хангахаар байгаа хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдэгдлээ.