horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Ц.Мөнхтуяа: Төсвийн үрэлгэн зардлуудаа танаад, данхар бүтцээ эмхэлбэл багш нарын цалинг нэмэх хангалттай мөнгө гарна

post-img

Багш нарын төлөөлөл өчигдөр Боловсролын сайдад цалингаа нэмэгдүүлэх шаардлага хүргүүлж уулзсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа ирж оролцон шаардлагыг салбарынхаа сайдад танилцуулав. Тиймээс багш нарын төлөөлөл болж УИХ-ын гишүүнээр сонгогдсон түүнээс тодруулга авлаа.

-Багш нарын төлөөлөл цалингаа нэмүүлэх шаардлагыг Боловсролын сайдад тавьсан. Та бүхний зүгээс цалингаа хэдэн хувиар нэмэгдүүлэх ёстой гэж үзэж байгаа вэ?

-Бидний зүгээс ерөөсөө багш нарын цалинг 50 хувиас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагыг л тавьж байгаа юм. Одоо болохоор залуу багш нарын цалин 1 сая 470 мянган төгрөг байгаа. Үүнээсээ татвараа төлөөд 900 гаруй мянган төгрөг л авч байна. Өнөөдрийн нийгэмд ийм хэмжээний цалингаар амьдарна гэдэг маш хүнд. Гэтэл энэ салбарын 60-70 хувийг нь залуу багш нар эзэлж байгаа. Ингээд бодохоор цалингийн хэмжээнээсээ болоод энэ салбар унахаас өөр аргагүй болж байна. Хүний амьдралын хамгийн чухал суур хэрэгцээ чинь цалин хөлс, нийгмийн баталгаа шүү дээ. Гэтэл ийм бага цалинтай байхаар чинь яах юм. Тиймээс л цалинг зоригтой нэм гэсэн шаардлагыг манай холбоо, багш нар тавьж байгаа. Үүнийг би багш нарын төлөөлөл болж УИХ-ын гишүүн болсны хувьд хүч нэмж оролцож байна. Ер нь Их хурлын гишүүн гэхээр ордонд ороод ард иргэдээсээ тасраад, агаарын амьтан болоод явчихаж болохгүй. Ард түмнийг төлөөлнө, эрх ашгийг нь хамгаална гэж гарчихаад шал өөр зүйл яриад байж таарахгүй. Тиймээс би өнөөдөр (өчигдөр)-ийн үйлдлээ маш зөв гэж харж байгаа. УИХ-ын гишүүн гэхээр заавал албан тасалгаанд ярвайгаад сууж байх учиргүй. Амьдрал дунд ороод, багш нарынхаа нийгмийн асуудлыг яриад явж байгаа нь УИХ-ын гишүүний ажлаа хийж байгаа хэрэг гэж харж байгаа. Намайг УИХ-ын гишүүн байж багш нартай нийлээд тэмцэж байгаа нь буруу гэсэн утгатай сэвээ сошиалд явуулж байх шиг байна. Харин би зөв гэж бодож байгаа.

Багш нар маань ч маш талархалтай хандаж, надад баяр хүргэж байна. Би энд уул уурхай ухаж, харийн орныхонтой нийлж янз бүрийн юм хийгээгүй. Зүгээр л Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлж байгаа багш нарынхаа нийгмийн асуудлыг дээшлүүлээч ээ гээд байгаа юм.

-Та бүхний шаардлагад салбарын сайд нь ямар хариу хэлсэн бэ?

-Манай сайд яг тодорхой юм хэлээгүй. Гэхдээ Засгийн газар дээр багш нарын цалинг 20 хувиар нэмэх, гурван жилийн хугацаанд үе шаттайгаар нэмэгдүүлэх тухай ярьсан юм шиг байна лээ. Харин багш нар үүн дээр маш их бухимдсан. Бид цалингаа нэгмөсөн 1000 ам.доллар болгоно. Ядаж 50 хувиар нэмэгдүүл гэсэн шаардлага тавьсан.

-Ингэж 50 хувиар нэмэх боломж, бололцоо байгаа гэж та харж байна уу?

-Ер нь манай төсөвт маш их үрэлгэн зардал байдаг. Ийм зардлуудаа танаад, данхар төрийнхөө бүтцийг эмхэлчих юм бол багш нарын цалинг нэмэх мөнгө хангалттай гарч ирнэ. Тиймээс би боломж байгаа. Сэтгэл байвал болохгүй зүйлгүй гэж харж байгаа.

-Гурван сайдын хамтарсан тушаалаар багш нарын цалингийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдсан гэж байна. Та энэ талаар мэдээлэл авав уу?

-Тийм ажлын хэсэг байгуулагдсан гэдэг мэдээллийг сайд өгсөн.

-Тэр ажлын хэсэгт нь та орж байгаа юу?

-Манай холбооноос тэр ажлын хэсэгтээ хүн оруул гэдгийг багш нар шаардаж байна лээ. Хэрвээ холбооноос оруулахгүй гэвэл би өөрөө орж ажиллая гэж сайдад хэлнэ.

-Та үрэлгэн төсвөө танах ёстой гэж байна. Тэгэхээр ирэх оны төсвийн төсөлд та ямар, ямар санал өгсөн бэ?

-Боловсролын яам саяхан ямар том шуугиан тарив. Сандал ширээгээ нэг тэрбум төгрөгөөр худалдаж авсан гэж байна. Гэтэл одоо чинь ийм мөнгөөр ширээ сандал солих хэрэгтэй юу. Хуучин сандал дээрээ суугаад ажлаа хйигээд байж болно шүү дээ. Нэг шинэ дарга ирээд л өрөөндөө засвар хийх ямар ч шаардлагагүй. Энэ мэт мөнгөө зөв зүйлд зарцуулаад явах бүрэн боломжтой. Зарим газар маш том сургууль барьчихсан. Гэтэл тэнд нь сурах хүүхэд байхгүй тохиолдол ч байна. Энэ бүхнээ болих хэрэгтэй гэдгийг л хэлээд байгаа юм.

-Таныг багш нараас орон сууцны урьдчилгаа авсан гэдэг асуудал яригдсан. Үүн дээр тайлбар өгнө үү?

-Манай багш нар 2020 онд орон сууцны асуудал хүнд байна, орон сууцтай болох ямар арга байна гэж хандсан. Тиймээс би барилгын компани судалж байгаад, тохиролцоонд хүрээд урьдчилгаа 10 сая төгрөгөөр бодоод 12, 13 багшаас авсан. Харин ковид гараад нөгөө компани маань ажил явах аргагүй боллоо гээд нөгөө хүмүүст нь мөнгийг нь буцаагаад өгсөн. Гэтэл яг үүнтэй зэрэгцээд “Ногоон хөгжил” гэдэг компани багш нарыг орон сууцтай болгоно гэж бараг тэрбум төгрөг авсан байдаг. Тиймээс үүнтэй хольж хутгаад намайг багш нараас мөнгө авч луйвардсан гэж санаатайгаар мушгиад байгаа юм. Харин одоо байранд ороогүй багш нар үүн дээр дуугарч өгөөч гээд хандаад байгаа. Тиймээс өөрийнхөө албан бланк дээр цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаж, энэ асуудлыг шалгуулна гэж бодож байна. Миний хувьд 10 сая төгрөг авсан нь үнэн. Гэхдээ буцаагаад өгчихсөн. Хэрэв өгөөгүй бол тэр хүмүүс чинь бөөн юм болно биз дээ.

Т.ДАРХАН

0/1000