Цөлжилттэй тэмцэх “СОР17” олон улсын конвенцын логог баталлаа. Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сарын 17-28-нд зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар бага хурлын (COP17) албан ёсны логог Монгол Улс болон тус конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар батлав. Энэхүү лого нь Монгол Улсын соёл, уламжлалыг агуулахын сацуу дэлхий нийтийн хамтын ажиллагааны уриалгыг хослуулсан бөгөөд цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх шийдлийг улс орнууд хамтдаа эрэлхийлэх НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн эрхэм зорилгыг илэрхийлж байгаа аж.
“COP17” бага хурлыг зохион байгуулснаар олон улсын хэмжээнд туршлага хуваалцах, газар хөрсний доройтол, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомсдол зэрэг харилцан уялдаатай хямралуудыг хамтран шийдэхэд чиглэсэн олон улсын хамтын ажиллагааг ахиулах боломж бүрдэх аж. Манай улсын хувьд газар нутгийн 75 гаруй хувь нь хөрсний доройтолд өртсөн тул “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөн, “Цагаан алт” хөтөлбөр, “Хүнсний хувьсгал” хөрс-хөдөө аж ахуйг сэргээх үндэсний хөдөлгөөнөөр дамжуулан газар, хөрс сэргээх ажлыг тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байгаа юм.
“COP17” бага хуралд НҮБ-ын 197 улс орны төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл ирж, ган гачигт тэсвэртэй байдал, газар хөрс сэргээх зорилтуудыг ахиулахаар оролцоно. Тус хурал нь Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” (IYRP 2026)-тэй уялдаж, бэлчээрийн тогтвортой менежмент болон эдгээр экосистемээс шууд хамааралтай нэг тэрбум гаруй хүний хэрэгцээ шаардлагыг онцлох юм.
Логог “COP17” бага хурал эхлэхээс яг нэг жилийн өмнө танилцуулж буй бөгөөд лого нь эв нэгдэл, харилцан итгэлцлийн үрийг хамтдаа тарьж, доройтсон газрыг дахин сэргээхэд хамтран ажиллах уриалга юм. Дүрслэлийн дээд хэсэгт байрлах дугуй хэлбэр нь нарны туяа мэт алсран цацарсан байдалтайгаар Монголын уламжлалт тэнгэр шүтлэгийг илтгэж, мөнх хөх огторгуйг бэлгэднэ. Энэ нь НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилгуудын дүрслэлтэй нийцэж, хүн төрөлхтний өмнө тулгарч буй байгаль орчны сорилтуудын шийдлийг илэрхийлнэ. Төв хэсэгт монгол гэрийн хэлбэрийг тодруулан дүрсэлж, оройд нь гэрийн тулгуур болох тооно дүрслэгдсэн. Тооно нь хүн ба байгалийн зохицлыг бэлгэдэж нүүдэлчдийн амьдралын ухаан, газар хөрс нь эх орон, өв соёлын тогтвортой байдлыг харуулж буй.
Доод хэсэгт орших гарын дүрс нь байгаль дэлхийдээ энэрэнгүй хандах, хамгаалах, хариуцлагыг бэлгэдэх бөгөөд алганд нь ногоон соёо нахиалж буй нь тэсвэртэй, шинэчлэгдэн сэргэж буй дэлхийг илэрхийлэх юм. Эдгээр дүрслэл нь “COP17” бага хурлын гол зорилгыг илэрхийлэх юм хэмээн Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.