Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

Сангийн яамнаас Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцүүлэн нэгтгэн боловсруулж, энэ сарын 15-нд Засгийн газарт хүргүүлээд байгаа билээ. Угаас олон жил алдагдал хүлээж, тэлж ирсэн төсвөө эдийн засгийн гадаад, дотоод нөхцөл ихээхэн муудсан энэ цаг үед хэрхэн хэмнэх бол гэж нийгэм хүлээж байгаа.

Ямартай ч шинэ Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар төсвийн хэмнэлт хийнэ, хувийн хэвшлийг дэмжинэ гэдгээ зарлаад буй. Тэрбээр анх удаагаа төсвийн төсөл боловсруулахдаа олон нийтээр ил тод хэлэлцүүлж, иргэдийн саналыг тусгахаа зарлаж, өмнө нь далдхан боловсруулж, шууд УИХ-д өргөн барьж хэлэлцүүлдэг төсвийн төслийг олон нийтийн анхаарлын төвд аваачиж чадлаа.

Угаас олон жил алдагдал хүлээж, тэлж ирсэн төсвөө эдийн засгийн гадаад, дотоод нөхцөл ихээхэн муудсан энэ цаг үед хэрхэн хэмнэх бол гэж нийгэм хүлээж байгаа

Энэ хүрээнд Засгийн газрын яамд болон салбар салбарын төсвийн төслийг олон нийтэд ил хэлэлцүүлэхийн сацуу Засгийн газрын 11:11 төвөөр 14 хоногийн хугацаанд олон нийтээс саналыг нь авч, иргэдийн ирүүлсэн саналыг олон нийтэд мэдээлсэн. Нийгэмд ингэж ажил хэрэг болгож авсан иргэдийн саналыг төсөвт сайн суулгаасай. Хэрхсэн нь УИХ төсөв хэлэлцэх үеэр тод харагдах биз ээ.

Харин улсын төсвийн том тоог тойрсон онцлох мэдээллүүдийг бичихээс өмнө өвлийн бэлтгэлтэй холбоотой иргэдийн халаас, эзэгтэй нарын хүнсний төсвийг харах хэрэгтэй. Учир нь улсын төсвийн төлөвлөлт зарим талаар иргэдийн өрхийн төсөвт бууж орж ирэх учраас.

Энгийнээр тайлбарлая. Нийслэл 2025-2026 оны өвөл сайжруулсан түлшийг импортын хагас кокс шахмал түлшээр солихоор ажиллаж буй. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор ийм шийдвэр хэрэгжүүлж байгаа юм. Энэ шийдвэр өмнө нь 25 кг-ын шуудай сайжруулсан түлшийг 3700 төгрөгөөр худалдан авч, хэрэглэж байсан Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн өрхийн төсөвт багагүй дарамт болохоор таагүй мэдээ. Яагаад таагүй мэдээ вэ гэвэл нүүрсний экспортын үнэ даруй 40 хувь унаад байгаатай холбоотойгоор эдийн засгийн идэвх тун сул байгаа билээ. Уршигт нь төсөл, хөтөлбөрүүд зогсож, улсын төсөв улайсан. Дээр нь өрхийн цалин, орлого нэмэгдээгүй учраас тэр. Түүнчлэн өвлийн улиралд гэр хорооллын айлын төсөвт түлшний үнэ томоохон зардал болдог.

Мөн дотоод, гадаад хүчин зүйлээс хамаарсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд манай улс тариа ногоо, хүнс хоолоо дотооддоо хэрхэн базаах вэ гэдэг чухал асуудал. Харамсалтай нь ургацын урьдчилсан мэдээгээр дотоосоо 100 хувь хангаж ирсэн хүнсний улаанбуудайн ургац энэ удаа огцом буурч, 64 хувийг хангахаар байна. Түүгээр ч зогсохгүй “Атар III” аянаас хойш дотоодын хэрэгцээгээ 1000 хувь хангаж ирсэн төмсний ургац ч 70 гаруй хувь руу уналаа. Тиймээс өрхийн төсвийг захирагч эзэгтэй нарын хувьд энэ нь бас л асуудал дагуулах сэдэв гэсэн үг. Учир нь өвлийн хүнсээ базаадаг цагаар дотоодын шинэ ургацын нийлүүлэлт төмс, улаанбуудайн дээр 30-40 хувиар дутагдах нь бүтээгдэхүүний үнэ өндөр байх шалтгаан болох юм.

Буцаад улсын төсвийн тоон мэдээлэл рүүгээ оръё. Иргэдийн зүгээс Засгийн газрыг эдийн засгийн хүнд нөхцөлд татварын хөнгөлөлт үзүүлэх, төсөв хэмнэхийг хамгийн их хүсэж, шаардаж буй. Зарим нэг арга хэмжээ авснаа Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувьд хүргэхээр ажиллаж байгаагаар тайлбарлаж байна.

Иргэдийн зүгээс Засгийн газрыг эдийн засгийн хүнд нөхцөлд татварын хөнгөлөлт үзүүлэх, төсөв хэмнэхийг хамгийн их хүсэж, шаардаж буй

Гэхдээ л төсвийн төсөлд татвар төлөгчдийг голыг гонсойлгох том тоо, таагүй мэдээ олон бий. Тухайлбал: УИХ тойргоос сонгогдсон гишүүдэд олгох 15 тэрбум төгрөгийн асуудал. Нийт гишүүдийн тойргийн хөрөнгө оруулалтад эзлэх хувь 2004 онд 0.1 хувь, 2012 онд 3.79 хувь, мөн тухайн жилийн төсвийн тэнцэлд эзлэх хувь 2004 онд 1.93 хувь, 2022 онд 29.4 хувьтай болсон бол 2026 онд 37.36 хувь болж өсөхөөр байна. Энэ бол үнэхээр ноцтой “но”-той тоо. Үүнийг сонссон даруйдаа УИХ-ын цөөнгүй залуу гишүүн эсэргүүцэж, мэдэгдэл хийсэн ч дорвитой хариу өнөө хэр алга л байна. Олон нийт үүнийг маш анхааралтай ажиглаж байгаа.

Түүнчлэн Засгийн газар уул уурхайн орлогоо хэрхэн нэмэгдүүлэх, стратегийн ордуудад томилсон БЭТ-үүд нь хэр үр дүнтэй сайн ажиллах, төсөв хэмнэх үүднээс төрийн албан хаагчдыг хэр оновчтой цомхтгох, ажлын байрыг хэр хадгалах, төрийн өмчит компаниудын засаглалыг ярьж байгаа шигээ сайжруулж чадах эсэхээс ирэх оны төсөв сайн болж чадах эсэх нь ихээхэн хамаарах билээ.

- Шинэ
- Хандалттай