horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Б.Ган-Эрдэнэ: Сагсанбөмбөгийн холбооноос Волейболын холбоо суралцах хэрэгтэй

post-img

    Сагсанбөмбөгийн спортоос ч илүү үзэгч хөгжөөн дэмжигчтэй байсан волейболын спорт хэзээ мөдгүй сэхээнд ороход бэлэн болчхоод байна. Сагсанбөмбөгийн 2020-2026 оны Үндэсний дээд лиг 10 дугаар сарын 1-нд хөшгөө нээхээр товоо гаргасан. Багууд нь тамирчдын шилжилт хөдөлгөөнөө зарлаж, ёстой л гал гарсан үзүүштэй лиг болно хэмээн үзэгчид өндөр хүлээлттэй байна.

Гэтэл нөгөө талд волейболын Үндэсний дээд лиг хэзээ эхлэх нь тодорхойгүй, холбоо нь ерөнхийлөгчгүй, зуун задгай, авралаа эрэхэд ойрхон байна. Тиймээс волейболын спортод үүсээд буй нөхцөл байдлын талаар тогоон дотор нь чанагдаж явсан “Эрчим” клубийн тамирчин Б.Ган-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа.

Бидний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. Сагсны лигийн шинэ улирал тун удахгүй эхлэхээр товложээ. Харин волейболын дээд лигийн сураг ажиг алга. Өөрийн тань хувьд МВХ-ны үйл ажиллагааг шүүмжилж, олон нийтийн цахим хаягтаа үзэл бодлоо оруулсан байсан. Нөхцөл байдлын талаар санал, бодлоо хуваалцаач.

Монголд топ спорт гэвэл үндэсний бөх, волейбол, сагсанбөмбөг байдаг. Сагсанбөмбөг эрчимтэй хөгжиж, өнөөдөр тамирчид нь зөвхөн сагсаа тоглоод, мэргэжлийн замналаараа амьдраад яваад байх боломжтой болчихлоо. Монголын волейболын холбооны үйл ажиллагаа муу байна. Манайд волейболл, сагс адилхан түвшний спорт шүү дээ. Үзэгч, хөгжөөн дэмжигч, сонирхогчдын тоогоороо.

Гэтэл хоёр холбоо тэнгэр газар шиг ялгаатай ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар Монголын волейболын холбоо ерөнхийлөгчгүй буй. Шинэ Ерөнхийлөгчийг сонгох сонгууль есдүгээр сард болно гэсэн яриа байх шиг байна. Үе үе Ерөнхийлөгч нь солигддог, өөр хүн ирдэг. Тамирчид нь 30 хүрээд л зодог тайлдаг. Яагаад гэвэл мэргэжлийн тамирчны замналаар амьдралаа аваад явах ямар ч боломжгүй учраас. Тиймээс энэ тал дээр би маш шүүмжлэлттэй ханддаг.

Волейболын тамирчдын цалин хөлс, багуудын төсөв нээлттэй бус байдаг шүү дээ? Сагсанбөмбөгийнхөн бол нээлттэй зарлаад эхэлчихлээ.

Сагсны багуудын төсөв жилд 1-5 тэрбум байна гэсэн мэдээлэл бий. Тамирчдын цалин хөлсний мэдээлэл ч олон нийтэд ил байдаг болчихлоо. Харин волейболын багуудын төсөв маш нууц. Ил зарласан тохиолдол бараг байхгүй. Нэг багийн төсөв нь жилийн 300-500 сая хавьцаа л байдаг.

Маш олон тамирчин цалингүй тоглодог. Цалинтай тамирчин нь хангалттай хэмжээнд авдаггүй. Бүх тамирчид давхар ажил хийж, хажуугаар нь бэлтгэл, сургуулилалтаа хийж, тэмцээндээ оролцдог. Угтаа бол Үндэсний дээд лиг шүү дээ. Ажил, бэлтгэл, тэмцээнээ хослуулж явахад маш их ачаалалтай байдаг. Цалингийн хувьд хамгийн сайн нь 1.5-2 сая төгрөг л авч байгаа байх.

Сарын цалин уу?

Тийм. Гэхдээ лигийн хугацаанд эсвэл бүтэн жилийн хугацаанд гэдэг нь өөр өөр байгаа байх.

Энэ жилийн Үндэсний дээд лиг хэзээ эхлэх нь тодорхойгүй байна. Сагсны дээд лиг товлогдчихсон. Тамирчдын шилжилт хөдөлгөөнийг зарлаад, шуугиан тарьж байна. Волейбол байдаггүй. Ерөнхийлөгчгүй болчихсон. Хүнд байна л даа?

Тийм, тодорхойгүй байна. Лиг нь хэзээ эхлэх, тамирчид нь тэмцээндээ оролцох эсэх нь ч тодорхой бус. Холбооны ажлын албанд хоёр л хүн ажилладаг гэж сонссон. Волейболын холбооны ерөнхийлөгчийн албан тушаал хүмүүсийн зүүдэг сэтэр л болчхоод байна. Тэрнээс спортоо хөгжүүлье, лигээ топ түвшинд аваачъя гэх зэргээр бодлогын түвшинд ажиллаж чадахгүй байна.

Сагсанбөмбөгийн спорт хэдэн жилийн өмнө ямар байлаа. Холбоо нь хоёр хуваагдсан, лигээ зохион байгуулах эсэх нь ч тодорхойгүй байсан. Харин өнөөдөр ямар хэмжээнд хүрэв. Волейболын холбоонд засаглалын хямрал үүсчихсэн байна шүү дээ.

-“Эрчим” багаас тоглодог байхад цалин, урамшуулал ямар байсан талаар дурдвал? Тухайн үеийн лигийн шагналын дүн хэд байв?

Манай клуб 2022 оноос хойш Үндэсний дээд лигт оролцоогүй. Бид “ДЦС 4” ТӨХК-иас цалинжиж явдаг байсан. Станцын ажилчны цалинг л авдаг байсан гэсэн үг.

Волейболын спортоо сагс шиг хөгжүүлэхэд одоо нэн тэргүүнд юу хийх шаардлагатай байна вэ. Өөрийн тань хувьд юуг уриалж байна вэ?

Ерөөсөө л волейболын спортоо хөгжүүлье. Мэргэжлийн тамирчны замналаар амьдраад явах боломжтой болгоё. Үндэсний дээд лигийн цар хүрээг өргөжүүлэн тэлэх, санхүүгээ нэмэх талаар Монголын волейболын холбоо бодлогын түвшинд ажиллах шаардлагатай байна.

Багийн эзэд, Волейболын холбооны удирдлагууд, тамирчид нийлсэн сонсгол хийх хэрэгтэй. Ямар асуудал тулгарч байна, ямар шийдэл, гарц гаргалгаа байгааг ярилцах сонголт бидэнд байна. Том жишээ хажууд байна шүү дээ. Сагсанбөмбөгийн холбооны жишээнээс суралцах хэрэгтэй.

0/1000