ЗТХЯ-ны Мэдээллийн технологи, стандартын хэлтсийн мэргэжилтэн Б.Эрдэнэтуяа, дугаарын ченж Н.Дөлгөөн нарт холбогдох хэргийг энэ сарын 19-нд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээв. Уг хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 4-р сарын 30-нд хэлэлцээд, Б.Эрдэнэтуяагийн нийтийн албанд ажилллах эрхийг 3 жилээр хасаж, 18 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Н.Дөлгөөний нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 6.5 сая төгрөгөөр торгосон юм.
Б.Эрдэнэтуяа 2019.07.08-наас 2021.05.13-ны хооронд ЗТХЯ-ны Мэдээллийн технологи, стандартын хэлтсийн мэргэжилтнээр ажиллах хугацаандаа администраторын эрхийг хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор ашиглаж, өөртөө болон Н.Дөлгөөнд давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцогдов. Тэрээр машины дугаарын шинэ сери задарч, тээврийн хэрэгслийн бүртгэлийн trans.dep системд оруулахад “азын” гэх дугааруудыг өөр хэн нэгэн захиалсан мэтээр өөрчилдөг байжээ. Ингээд уг дугааруудаа танил талаараа дамжуулан бусдад худалдаж, мөнгийг нь угаадаг байсныг шүүх тогтоолоо.
ЭЦА-наас түүнд 2022 онд хавтаст хэрэг нээж, шалгасан. Тэр дугаарын ченж Н.Дөлгөөнөөр дамжуулан, машины ченжүүдэд азын дугаар зарж, мөнгийг нь хамаарал бүхий хүмүүсийнхээ “Хаан” банкин дахь дансанд шилжүүлэн авдаг байжээ. ЗТХЯ-ны харьяа Автотээврийн үндэсний төв 2021.02.15-наас хойш энэ хэргийг илрэх хүртэл тээврийн хэрэгслийн улсын дугаарыг дуудлагаар худалдахаар 16 удаа зар гаргаж, 2165 дугаар борлуулсныг ЭЦА тогтоожээ. Сонирхолтой нь дуудлагаар худалдсан “азын” дугааруудыг ердөө 17 иргэн хүн авсан байдаг.
Тэгвэл Б.Эрдэнэтуяа азын 32 дугаарыг хууль бусаар авч, тус бүрийг нь 450 мянгаас 1.5 сая төгрөгөөр борлуулж, нийт 23 сая төгрөг олжээ. Үүн дундаас нь Н.Дөлгөөн 10 гаруй сая төгрөг “унагасан” байна.