horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Гаалийн төв лабораторид нүүрсний дээж шинжлүүлэхэд 7-35 хонож байна

post-img

Экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тус тогтоолоор Гашуунсухайт боомтын “Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал”-ын ухаалаг гарцаар Монголын хөрөнгийн биржээр арилжаалсан нүүрс тээвэрлэх жолоочтой тээврийн хэрэгслийг нэвтрүүлж, тээврийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах эрчим хүчний нүүрсний үнийг зах зээлийн үнийн индексийн хөдөлгөөнд нийцүүлэн өөрчлөх, Гаалийн бүрдүүлэлт хийх, улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хяналт тавих ажлыг цахимжуулахыг даалгалаа.

Манай улсад гадаад худалдаа эрхлэгчийн бүрдүүлж байгаа маягтуудаас гаалийн мэдүүлэгт хамгийн их буюу 116 төрлийн, улсын бүртгэлийн гэрчилгээ хамгийн цөөн буюу 8 төрлийн мэдээлэл агуулдаг. Экспортын үйл ажиллагаанд 40 гаруй бичиг баримт бүрдүүлж байгаагаас зарим тохиолдолд 6-12 удаа давхардуулан шаардаж байна.

Эдгээр хүндрэлийг цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлж шийдвэрлэхээр төлөвлөсөн ч системийн санхүүжилттэй холбоотойгоор ажил удааширчээ. Иймд санхүүжилтийг цаг алдалгүй шийдвэрлэж, худалдан авах ажиллагааг яаралтай эхлүүлэх үүрэг өглөө.

Хилээр гаргах уул уурхайн бүтээгдэхүүний лабораторийн шинжилгээний дээж өгөх, хариу авах үйл ажиллагаа нь голчлон Улаанбаатар хот дахь Гаалийн төв лабораториос хамаарч байгаа нь экспортыг удаашруулах нэг хүчин зүйл болж байна. Тухайлбал, нүүрсний дээжийг Гаалийн төв лабораторид өгөөд хариу авахад дунджаар долоо хоног, хамгийн ихдээ 35 хоног зарцуулж байна. Мөн Гашуунсухайт боомт дахь шинжилгээний лабораторийн барилгын ажил дуусаж, тоног төхөөрөмжүүд бэлэн болж байгаа ч үйл ажиллагаа эхлээгүй байна. Иймд тус тогтоолоор,

  • Гаалийн төв лабораторид шинжлэх нүүрсний дээжийг 48 цагийн дотор магадлан, шинжилгээний дүгнэлт гаргах боломжийг 8 дугаар сард багтаан бүрдүүлэх,
  • Гашуунсухайт боомтын гаалийн салбар лабораторийг 2025 онд багтаан ашиглалтад оруулах,
  • Бусад боомтын лабораторийг ашиглалтад орох хүртэл хугацаанд хувийн компаниудын лабораторийн мэдээллийг гаалийн мэдээллийн системд 2025 оны гуравдугаар улиралд багтаан холбох ажлуудыг хийж гүйцэтгэхийг Гаалийн ерөнхий газар болон холбогдох бусад байгууллагуудад үүрэг болгов.
0/1000