horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Боловсролын яам цахим сургууль байгуулахаар бэлтгэж байна

post-img

Боловсролын цахим шилжилтийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ.

Дэлхийн эдийн засгийн форумаас 2025 онд гаргасан тайлангаар 2030 он гэхэд одоогийн үйлдвэрлэл, бизнесийн 80 хүртэлх хувьд хиймэл оюун ухаан, автоматжуулалт нэвтэрч, хүний нөөцийн ур чадварын эрэлтэд томоохон хувьсал гарах төлөвтэй байна. Тухайлбал 2030 он гэхэд БНХАУ-ын үйлдвэрлэл, бизнесийн 92 орчим хувьд хиймэл оюун ухаан, автоматжуулалт нэвтрэх бөгөөд энэ хэрээр зах зээлд хиймэл оюун ухаан, их өгөгдөл, VR, AR-ийн ур чадварын хэрэгцээ өсөж байна. Үүнийг дагаад боловсролд томоохон өөрчлөлт гарч байгаагийн нэг нь иргэдийн бие даан суралцахуйг дэмжсэн цахим боловсролын тогтолцоо илүү өргөн хүрээтэй хөгжиж байна.

Хөдөлмөрийн зах зээлд ойрмогхон гарах энэ өөрчлөлтөд Монгол Улсын боловсролын тогтолцоо хариу үзүүлэхийн тулд технологид суурилсан бие даан суралцахуйд үе шаттай шилжих цахим шилжилтийг эхлүүлээд байна. Энэ шилжилтийг хийхэд өндөр хурдны интернэт, ухаалаг төхөөрөмжийн хүртээмж, цахим сургалт, контентын нээлттэй сан, сургалтыг чиглүүлэх, дэмжих шинэ ур чадвартай багш, шинэчлэгдсэн сургалтын хөтөлбөр бэлэн байх шаардлагатай. 2023 оны хичээлийн жилээс хэрэгжүүлсэн “Мэдлэ” цахим сургалт энэ чиглэлээр Монгол Улсад төдийгүй Дэлхийн зарим оронд сайн туршлага болж байна. Энэхүү сургалтыг Пакистан, Индонез зэрэг улсад хамтран  нэвтрүүлэх саналыг эдгээр улсын Боловсролын яам болон “Гүүгл” компаниас ирүүлээд байна. “Мэдлэ” цахим сургалтад суурилан, ерөнхий боловсролын цахим сургууль байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Боловсролын яам бэлтгэж буй ажээ.

2024-2025 оны хичээлийн жилд “Мэдлэ” цахим сургалтад аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 36,941 суралцагч хамрагдаж, сонгон судлах хичээлүүдээ судаллаа. Энэ туршлагаас харахад дээрх нөхцөл хангагдсан үед цахимд суурилсан бие даан суралцахуйг ерөнхий боловсролд нэвтрүүлэх бүрэн боломжтойг Боловсролын сайд танилцууллаа.

Цахим боловсрол нь багшлахуйгаас суралцахуйд шилжих үндсэн стратеги тул 2030 он гэхэд ерөнхий боловсролын дунд, ахлах анги, мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролд үе шаттай нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

0/1000