Монгол-Солонгосын стратегийн IV форум Төрийн ордонд боллоо. Энэхүү сстратегийн IV форумаар “Сэргээгдэх эрчим хүч, төвлөрсөн дулаан хангамж”, “Экологийн нөхцөл байдал болон уур амьсгалын өөрчлөлт” гэсэн хоёр үндсэн сэдвийн хүрээнд хоёр улсын төрийн захиргааны төв байгууллага болон их сургуулийн судлаачид, эрдэмтэд илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Форумд оролцогчдод Ерөнхий сайд Г.Занданшатар мэндчилгээ илгээлээ. Ерөнхий сайд мэндчилгээндээ “Эдийн засгийн уялдаа холбоо, ногоон эрчим хүч, дижитал шилжилт, боловсролын солилцоо бол бидний ирээдүйн хамтын ажиллагааны гол тулгуур байх учиртай. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцөө бүс нутагт түгээх, Солонгосын дэвшилтэт технологи, хөрөнгө оруулалттай уялдуулан хэрэгжүүлэх бодлого баримталж байна. Энэ нь зөвхөн хоёр орны төдийгүй, Зүүн хойд Азийн эрчим хүчний аюулгүй байдалд чухал хувь нэмэр оруулна” хэмээн онцолжээ.
Хэлэлцүүлгийн үеэр Монголын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, сэргээгдэх эрчим хүчний нөөц, эрчим хүч экспортлох боломж, сэргээгдэх эрчим хүчний салбар дахь БНСУ-ын туршлага, өндөр технологийг нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, экологийн доройтлын эсрэг хоёр улсын төрийн болон төрийн бус байгууллагуудын түвшинд хамтарч ажиллаж буй туршлага, цаашдын боломжуудын талаар ярилцав.