Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дахь Тайж хайрхны бэлд “Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестиваль энэ сарын 22-24-нд болно. Энэ наадмын үеэр Монголын үндэсний бөх, үндэсний сур харваа, шагай харваа, адуучин гэсэн 4 төрлийн тэмцээнтэй. Үүнд оролцохоор 400 орчим тамирчин оролцох бол хурдан морины уралдаанд хүлгийнхээ шандсыг сорихоор 100 гаруй уяач бүртгүүлжээ.
Мөн энэ үеэр үзүүлэх тоглолттой. Үзэгч, сонирхогч, жуулчдын дунд үндэсний бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, үндэсний шагайн харвааны нээлттэй тэмцээн зохион байгуулах юм байна.
Өнгөрсөн жил “Нүүдэлчин 2024” фестивалийн үндэсний бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, улсын харцага Х.Гантулга түрүүлж, их насны морьдын уралдаанд Төв аймгийн Аргалант сумын уугуул, аймгийн алдарт уяач Д.Батаагийн цавьдар торгон жолоо өргүүлжээ.

Үндэсний сур харвааны эрэгтэйчүүдийн ангилалд улсын мэргэн Т.Очироо, эмэгтэйчүүдийн ангилалд аймгийн гарамгай харваач Ч.Чимэддулам түрүүлсэн юм. Шагай харвааны багийн төрөлд Г.Алдар ахлагчтай Дорноговь аймгийн “Номт даншиг Хеттрик групп”-ийн баг тэргүүлж, цуваа харваанд Төв аймгийн Баян сумын харьяат, “Цэц баян” багийн харваач Г.Чингүүн манлайлсан байна. “Адуучин” тэмцээнд нийслэлийн Багануур дүүргийн адуучин Б.Бямбасүрэн тэргүүн байр эзэлжээ.