horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Б.Батбаатар: Байгаль орчны салбарт ямар нэгэн байдлаар улстөржих ёсгүй

post-img

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Иргэний зориг, ногоон намын дарга Б.Батбаатартай ярилцлаа.


-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар та томилогдоод хоёр сар болж байна. Ажлаа аваад ямар ажлуудад голчлон анхаарч байна вэ?

-Нэн тэргүүнд байгаль орчны салбарын хуулиудыг өөрчлөх, шинэчлэх, засах ажил дээр анхаарал хандуулж ажиллалаа. Хуулийн төслүүдийг ерөнхийдөө бэлэн болгоод энэ намрын чуулганаар улсын төсвийн дараагаар хэлэлцүүлэг төлөвлөгөөтэй байна. Хоёрдугаарт, байгаль орчин, хамгааллын салбарт ажиллана гэдэг зүгээр орон нутгийнхаа иргэд, жуулчидтай хүртэл хог хаях вий, гол ус бохирдуулах вий гээд муудалцах хэрэгтэй болдог. Эрх мэдэлтэй, мөнгө төгрөгтэй хэсэгтэй ч тулж байдаг салбар. Тиймээс үүн дээр бид яаж ажиллавал хамгийн зөв хамгаалж чадах вэ гэдэг дээр анхаарлаа. Мөн эрх зүй, нийгмийн асуудлууд байна. Дээрээс нь яагаад энэ салбар чухал, нэн тэргүүнд тавигдаж байх ёстой вэ гэдэг дээр анхаарч байна. Газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал гээд ярих юм бол олон зүйл Монголд хүндээр тусч байгаа. Улс орны эдийн засаг хүндрэхийн хэрээр өр зээл тавьдаг. Үгүй бол байгалиа дээрэмддэг. Тиймээс байгалиа дээрэмдүүлэхгүй байхын тулд бид юу хийх ёстой юм. Бидний үндсэн суурь зарчим юу вэ. Иргэний зориг, ногоон нам үзэл баримтлалдаа ногоон үзлийг тусгасан улс төрийн ганц хүчин. Ногоон үзэл баримтлалтай намын дарга ногоон салбарын сайд болоход зарим зүйл дээр ямар нэгэн байдлаар ухралт хийх ёсгүй гэсэн байр суурь дээр хатуу зогсож байгаа. Мөн улс орны хэмжээнд хэрэгжиж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүд дээр байгаль орчны үнэлгээ хийлгэх асуудал байна. Хийсэн нь зөв хийгдэж үү. Байгаль бохирдуулсан тохиолдолд ямар хариуцлага тооцох юм. Түүнийг нь хэрхэн нөхөн сэргээх, арчлах ёстой вэ гэдэг дээр анхаарч ажиллаж байгаа.

Ер нь манай байгаль орчны салбарт сэтгэл зүтгэлтэй олон мянган хүн ажиллаж байна. Гэвч манай салбарт боловсон хүчний дутагдал нэгэнт бий болчихсон. Өнөөдөр Монголын Их, дээд сургуулиудад энэ салбараар төгсөж байгаа хэдэн хүн байна гээд аваад үзэхээр байх ёстой хүний нөөцийн хэмжээнд хүрэхгүй байна. Сүүлийн зургаан жилийн хугацаанд энэ салбар зургаан сайдын нүүр үзэж байна. Энэ нь тогтворгүй байдал, боловсон хүчний өөрчлөлт их гардаг. Уул уурхай, цэрэг цагдаагийн салбарын хүмүүс энэ салбарт их орж ирсэн. Энэ нь эргээд салбарын ажилтнуудын мэргэшсэн байдлын чанарыг алдагдуулсан байна. Зарим орон нутгийн засаг захиргаанд ажиллаж байгаа нөхдүүд байгаль хамгаалалд хүрсэн барьсан мэт ханддаг байдал одоо ч байсаар байна гээд олон асуудал бий.

-Байгаль орчны салбарт тунаж үлдсэн хүмүүс нь үнэхээр сэтгэл зүрхтэй нь байдаг гэсэн яриа бий. Нөгөө талдаа энэ салбарын цалин хангамж, урамшуулал бага гэдэг. Тэгэхээр энэ тал дээр ямар ажил хийж чадахаар байна. Ирэх оны төсвийн төсөл хэлэлцэгдэж байгаа энэ цаг үед салбарын сайдын хувиар энэхүү асуудлыг тусгуулах тал дээр хэр анхаарч байна вэ?

-Байгаль орчны салбарын төсвийн асуудал хүнд байгаа. Ноднин жил төсөв батлахад энэ онд байгаль орчны салбарын сайдын багцад 308 тэрбум төгрөгийг тавьсан байна. Энэ нь төсвийн хэмнэлт, цомхотголоор 260 болсон. Гэтэл одоо ирэх оны төсвийн төсөлд манай салбарт 215 тэрбум төгрөг болж улам л багасч байна. Энэ өөрөө юу хэлж байна гэхээр энэхүү салбарын төсөв мөнгөн дээр үнэхээр анхаарал хандуулахаар болчихсоныг илтгэж байгаа юм. Уг нь 2021 оны Ерөнхийлөгчийн зарлигаар бол Дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувийг байгаль орчны салбарт зарцуулна гээд тусгачихсан. Харамсалтай нь өнөөдөр 0.2 хувьтай тэнцэх хэмжээнд л байна. Тусгай хамгаалалтад 2020 оноос хойш ямар ч газар нутгийг аваагүй байна гээд анхаарах зүйл олон байгаа. Гэсэн хэдий ч бид өөр эх үүсвэрийг бий болгох, олох, энэ салбарыг босгохын төлөө ажилладаг механизмыг бий болгож чадах юм бол дэлхий өөрөө ганц учраас олон улсаас оруулж ирэх хөрөнгө, санхүүжилтийн боломжууд бий. Ирэх жил COP17 буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар Бага хурал зохион байгуулагдахтай холбоотой зардлууд төсөвт тавигдсан. Гэвч энэ зардлыг олон улсын хандив, тусламж дэмжлэгээр шийдэж, болж өгвөл төсвөөс аль болох бага хэмжээг гаргахаар хичээж байна. Цаашлаад COP17-г зохион байгуулсныхаа үр дүнд урт болон дунд, богино хугацааны төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, Монгол Улсын гадаад нэр хүндийг өсгөх ажлуудыг хийх шаардлага тулгарч байгаа. Үүн дээр тус хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны даргын хувьд анхаарч, энд оролцдог сайд нарын оролцоог нэмэгдүүлсэн.

-Ховор ан, амьтны ангийн төлбөр, тусгай хамгаалалттай газар нутгийн хураамж гээд танай салбар чамгүй орлого олдог. Гэвч энэ нь эргээд байгаль хамгаалалдаа зарцуулагддаг байх асуудлыг мэргэжилтнүүд ярьдаг. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Өнөөдөр Байгаль орчны тусгай сан ажиллахаа больчихсон байх жишээтэй л байна. Байгаль орчныг бохируулсны төлбөр ороод ирэхэд тэр нь төсвийн нөхөөсөнд явчихдаг байж болохгүй л дээ. Тэр бохирдсон байгалийг чинь буцаагаад цэвэрлэх ёстой. Ширгэж алга болж байгаа нуур цөөрөм, гол, булаг шандуудаа сэргээх хэрэгтэй. Устаж алга болж байгаа биологийн олон төрөл зүйлээ хамгаалах ёстой шүү дээ. Тэгэхээр олж байгаа орлого нь энэ мэт ажлууддаа эргээд зарцуулагддаг байх тэр орчныг бүрдүүлэхийн төлөө бид төсөв дагуулан өргөн баригддаг хуулиудад өөрчлөлт хийхээр ажиллаж байна. Дээрээс нь бусад хууль дээр ч ажиллаж байгаа. Салбарын томоохон хуулиуд батлагдаж гараад нэлээд удчихсан учраас өнөөдрийн цаг үед тааруулаад шинэчлэх, өөрчлөх шаардлагууд зайлшгүй тулгарч байна.

-Сүүлийн жилүүдэд зуд, ган гачиг болох нь ихсэж, үерийн аюул, гал түймрийн давтамж ойртсон. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой энэ бүхнийг багасгах, арилгахад салбар яам цаашид ямар ажлууд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

-Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх гол хуулиа УИХ-аар батлуулахаар бид ажиллаж байна. Мөн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсэх тал дээр зөвлөгөө зөвлөмж гаргах энэ чиглэл дээр төсөл хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байгаа.

-Энэ жил багагүй хэмжээний ой хортон шавьжид идүүлсэн. Ер нь ойн цэвэрлэгээ, хортон шавьж устгал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Төсвийн хэмнэлтийн тухай хуулиар зургадугаар сарын 1-нээс өмнө хортон шавьж устгалын гэрээгээ хийх ёстой байдаг. Гэвч энэ хуулийн заалтыг эргэж харах шаардлагатай юм билээ. Дээрээс нь Монгол Улс хортон шавьж устгадаг ганцхан онгоцтой. Тэрийг нь манай салбар түрээсэлж хэрэглэдэг. Тиймээс техник хангамжийг сайжруулах, нэмэгдүүлэх тал дээр ч анхаарах шаардлагатай. Нөгөө талдаа “Тэрбум мод” гээд үндэсний хөдөлгөөн хэрэгжүүлээд байдаг. Гэтэл бид хэчнээн модыг хортон шавьж, түймэрт алдаж байна гэдгийг гаргах ёстой. Энэ чиглэлийн ажлуудыг эрчимжүүлэх үүрэг даалгавруудыг өгөөд явж байна. Дээрээс нь энэ жил маш олон түймэр гарлаа. Одоо ч зарим нэг газар түймэртэй л байна. Түймэр хүний хүчин зүйлийн нөлөөнөөс гарч байгаа ч байгалийн хүчин зүйлээс буюу ойг цэвэрлээгүй удсан, хөгшин ой зэрэг нь гал гарах нөхцөлийг бүрдүүлж байна. Тиймээс ойн зурвас байгуулах, ойгоо цэвэрлэх ажлуудыг хийх хэрэгтэй. Бид төсөв дээр саналуудаа өгч байгаа ч 3.4 их наяд төгрөгөөр төсвийн тодотгол хийсэн зэргээс болоод хүндрэл бэрхшээл гарч байна. Гэхдээ ямар ч байсан ганцхан төсөв харалгүйгээр бусад эх үүсвэрийг олохын төлөө чадах чинээгээрээ ажиллаж байгаа. Мөн энэ чиглэлд олон ажил төлөвлөөд бэлтгэл хангаад байна.

-Бусад салбартайгаа хамгийн их харилцан хамааралтай, уялдаатай ажиллах ёстой салбар бол байгаль орчин. Энэ тал дээр бусад яамтай хэрхэн ойлголцож, хамтарч байна вэ?

-Мэдээж байгаль орчны яам бол үндсэн чиг үүргийн яам байх ёстой гэж би бодож байгаа. Сангийн яам, Шадар сайд, Улсын онцгой комисс, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам гээд бусад салбартайгаа уялдаатай ажиллах нь зүйн хэрэг. Тиймээс бусад сайд нартай уулзалт ярилцлага тогтмол хийж байна. ЗГХЭГ, зарим агентлагуудтай байгаль орчны салбарын дархлаа, энэ салбарын хүлээн зөвшөөрөгдөх чадамжийг дээшлүүлэх, эрх зүйн болон ойлголцол, соён гэгээрэл, олон нийттэй хамтран ажиллах тал дээр анхаарч байгаа.

-Ойлголцол, дэмжлэг нь хэр байна вэ. Намууд хамтарч засаг барьж байгаа учраас сонирхоод байна л даа?

-Ойлголцол дэмжлэг сайн байгаа. Дэлхийд бол улс орнуудын хил хязгаар, шашин шүтлэг, ямар засаглалтай байх, ямар нам засаг төр барьж байгаагаас үл хамааран байгаль орчинд анхаарал хандуулж байна. Тиймээс Монгол Улсад ч гэсэн байгаль орчны салбарт ямар нэгэн байдлаар улстөржихгүй байх ёстой. Дэлхий нийтээрээ ногоон ирээдүйг ярьж байгаа өнөө цагт Монголын улс төрийн намууд манайхаас гаргаж байгаа манлайллыг дэмжиж ажиллах гэдэг зүй ёсны шаардлагыг тавьж ажиллаж байгаа.

Т.ХӨВСГӨЛ

0/1000