Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “ABU робокон 2025” олон улсын тэмцээн 8 дугаар сарын 22-26-ны хооронд Улаанбаатар хотын “Аса-Арена”-д болж байна. Олон улсын нэр хүндтэй энэ тэмцээнийг Монгол Улс хоёр дахь удаагаа албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байгаа юм. Япон улсаас үүсэлтэй уг тэмцээн одоо Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоогоор (ABU) дамжиж, Ази-Номхон далайн бүсийн орнуудын тэмцээн болж өргөжжээ.
Энэ удаагийн тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар МҮОНРТ, Ази-Номхон далайн нэвтрүүлгийн холбооны гишүүн телевизүүд хамтран ажиллаж байна. Тус тэмцээнд 13 орны 14 баг тамирчин оролцож, сагсанбөмбөгийн тэмцээнээс санаа авсан дүрмээр өрсөлдөнө. Уг тэмцээний дүрмийг Токио хотын их сургуулийн доктор, МУИС-ийн багш Ө.Батбаяр боловсруулжээ. Энэ тэмцээний гол онцлог нь зохион байгуулагч улс нь дүрмээ зохиодог уламжлалтай. 2024 онд Вьетнам улсад болсон олон улсын тэмцээн дээр Монгол Улс дүрмээ танилцуулж, батлуулжээ.

Монгол Улс 2019 уг тэмцээнийг анх удаа зохион байгуулахдаа Монгол орны газар нутаг, бүсчлэлийг харуулсан говь, хангай, тал, хээр, уулын бүсэд түүх, соёлыг уялдуулсан даалгавар гүйцэтгэж байв. Энэ удаагийн “Робокон” тэмцээнийг олон улсын стандарт шаардлагын дагуу зохион байгуулахын зэрэгцээ Монгол өв соёл, ёс, зан заншлыг Дэлхий дахинаа сурталчлан таниулах юм.
Бид даяарчлагдаж буй Дэлхийд амьдарч байгаа ч улс орныхоо түүх, өв соёлыг хадгалах, өвлүүлэх, дэлгэрүүлэх, сурталчлах үүрэг, зорилгоо энэ тэмцээнээр давхар биелүүлэх зорилготой. Тиймээс “ABU робокон 2025”-ын дүрмийг боловсруулахдаа сүүлийн үед залуусын анхаарлыг ихээхэн татаж буй сагсанбөмбөгийн дүрмээс санаа авчээ.
Техникийн ухаантай оюунлаг залуусыг нэг дор цуглуулах энэ тэмцээнээс тэдний бүтээл туурвилыг үнэ төлбөргүй харах боломжтой. 2026 онд эл тэмцээнийг Хонконг зохион байгуулна.