Нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Канте” шөнийн цэнгээний газрын гадна энэ оны 7 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 4 залуу бүлэглэн хүн зодож, хэвтэрт оруулсан. Энэ хэрэгт холбогдсон, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэлийг цагдан хорих хугацааг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 28 хүртэл 1 сарын хугацаагаар сунгахаар тус дүүргийн шүүхэд ханджээ. Үүний дагуу шүүх 8 дугаар сарын 21-ний өдөр хяналтын прокурор, яллагдагч Ц.Санжаачойпэлийн өмгөөлөгч Б, М нарыг оролцуулан уг саналыг хянан хэлэлцэв. Ингээд прокурорын саналыг “Хуульд нийцээгүй” гэж дүгнэн, хүлээн авахаас татгалзлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллагдагчийг урьд цагдан хорьсон үндэслэл арилаагүй гэж үзвэл яллагдагчид авсан цагдан хорих хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгана гэж заасан. Хяналтын прокурор анх Ц.Санжаачойпэлийг цагдан хорихдоо хуульд заасан аль үндэслэлээр цагдан хорихоо огт дурьдаагүй аж. Тиймээс Ц.Санжаачойпэлийг цагдан хорьсон өмнөх үндэслэл арилаагүй гэж дүгнэх боломжгүй гэж шүүх үзжээ.
Мөн хууль тогтоогчоос 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан санал, хүсэлтийн үндэслэлд хамаарах баримт, мэдээллийг шүүх хэргийн оролцогчид танилцуулж, тэдгээрт тайлбар хийх, холбогдох баримт, мэдээллийг гаргаж өгөх боломжоор хангана. Талуудад танилцуулаагүй баримт, мэдээлэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж өөрчлөлт оруулсан байхад хяналтын прокурор дээрх хуульд зааснаар цагдан хорих хугацааг сунгах саналд хамаарах баримт, мэдээллийг дурьдаж, шүүх болон оролцогч нарт танилцуулаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “АНУ-ын визтэй тул оргон зайлах үндэслэлтэй” гэх тайлбар гаргасныг хүлээн авч, цагдан хорих хугацааг сунгах үндэслэлгүй гэж дүгнэсэн байна.
Түүнчлэн хяналтын прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах санал гарах эрхтэй.