horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

“Умардын урсгал” хоолойг дэлбэлсэн хэргээр Украины иргэнийг баривчилжээ

post-img

Балтийн тэнгисийн усан доогуур ОХУ-аас ХБНГУ руу байгалийн хий дамжуулах “Умардын урсгал – 1” болон “Умардын урсгал – 2” хоолойг 2022 онд дэлбэлсэн хэрэгтэй холбогдуулан, Италийн цагдаа нар пүрэв гарагт Украины иргэнийг баривчилсан талаар Германы прокурорууд мэдэгджээ. ОХУ 2022 оны 2-р сард Украинд халдан довтолсноос хэдэн сарын дараа “Умардын урсгал” хоолойг дэлбэлсэн юм. Тэнгисийн усан доор тэсрэх бөмбөг байрлуулан, уг хоолойг дэлбэлж, сүйтгэх ажиллагаа явуулсан бүлэглэлийн гишүүн болох Украины иргэн Сергей К гэгчийг Италийн Римини мужаас баривчилсан талаар Германы прокурорууд мэдээлсэн байна.

Тухайн үед Европт нийлүүлж байсан байгалийн хийн хэд хэдэн эх сурвалж дэлбэрэлтийн улмаас саатсан юм. Түүнчлэн дээрх халдлагын эзэн тодорхойгүй үлдсэнээс гадна Украин улс дэлбэрэлтэд оролцоогүй хэмээн няцаасан.

Тэгвэл Германы прокурорууд Италийн хойд эргийн “Мисано Адриатико” амралт зугаалгын цогцолбороос баригдсан сэжигтэн болон Украины иргэн Сергей К-г дээрх халдлагыг санаачилж, төлөвлөн зохион байгуулсан хүмүүсийн нэг гэж үзэж байна. Прокурорууд түүнийг Германы Рошток боомт орчмоос дарвуулт усан онгоц түрээсэлж, Данийн Борнхольм арлын ойролцоох Балтийн тэнгисийн бүсэд хүрч очин, байгалийн хий дамжуулах хоолойг дэлбэлсэн бүлэг этгээдүүдийн нэг байсан хэмээн сэжиглэн буруутгаад байна.

Эргэн сануулахад, 2022 оны 9-р сарын 26-нд хэд хэдэн дэлбэрэлт болж, байгалийн хий дамжуулах 4 хоолойн 3-ыг нь гэмтээсэн. Уг хэрэгт Барууны улс орнууд ОХУ-ыг сэжиглэж, Москва эсрэгээрээ АНУ болон Их Британийг тухайн үедээ буруутгаж байв. Гэвч өнөөдрийг хүртэл уг халдлагыг Украин, Оросын аль нэг нь үйлдсэн гэх баримт нотолгоо олдоогүй билээ.

Мөн Швед, Дани улсын эрх баригчид уг хэргийг мөрдөн шалгах ажлаа 2024 оны 2-р сард зогсоож буйгаа албан ёсоор мэдэгдсэнээр Герман өнөөдөр дээрх хэргийг мөрдөж байгаа цорын ганц улс болон үлдсэн юм.

0/1000