horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Эрсдэлд орсон, татан буулгасан банканд байгаа улсын хөрөнгийг буцаан авахаар ажиллаж эхэллээ

post-img

Санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж буй улсын хөрөнгийг буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгохоор Ерөнхий сайд Г.Занданшатар энэ сарын 22-нд ажлын хэсэг байгуулжээ. Уг ажлын хэсгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл ахалж, бүрэлдэхүүнд нь ШШГЕГ, Монголбанк, Сангийн яам, Боловсролын яам, АТГ, ЭМДЕГ, НДЕГ, ХХҮЕГ, Хөгжлийн банкны төлөөлөл багтжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар уг ажлын хэсгийн хамтаар банкны эрх хүлээн авагчаас өр төлбөрт санал болгосон зарим хөрөнгийн нөхцөл байдалтай өнөөдөр газар дээр нь очиж танилцав. Үүний 1 нь Хан Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байх “Гантиг вилла”. 180 айлын орон сууцны зориулалттай, 9 блок бүхий хөрөнгийг Хөгжлийн банк 2022 онд 86.6 тэрбум төгрөгийн өр төлбөрт шилжүүлэн авсан ч одоо болтол уг хөрөнгө царцсан байдалтай байгаа юм.

Уг хөрөнгийг яаралтай эдийн засгийн эргэлтэд оруулж, улсад учруулсан хохирлыг барагдуулахын тулд ажлын хэсэг хэд хэдэн чиглэлээр шуурхай арга хэмжээ авахаар тогтов. Үүнд:

  • Уг хөрөнгийн үнэлгээг бодитой тогтоосон эсэхийг нягталж шалгана. Хэрэв хэт өндрөөр үнэлсэн байх аваас хууль хяналтын байгууллагад шилжүүлж, хариуцлага тооцуулах, өр төлбөрт үүсэх зөрүү үнийн дүнг нэхэмжилнэ.
  • Нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулж, орлогыг зохих журмын дагуу холбогдох сан, дансанд төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгоно.

Мөн Хан Уул дүүргийн 21-р хорооны нутагт байх 648 м2 талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй хоёр давхар обьектыг улсын орлогод яаралтай бүртгэн авч, барилгын ажлыг дуусгахад шаардлагатай санхүүжилтийг тооцож гаргах, улмаар обьектыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэхээр болов.

Уг ажлын хэсэг нь өр төлбөрт санал болгосон хөрөнгийн жагсаалт, холбогдох мэдээллийг нэгтгэх, буцаан төвлөрүүлсэн хөрөнгийг худалдан борлуулах ажлыг зохион байгуулах, өр төлбөрт тооцож авсан үл хөдлөх эд хөрөнгийг тэргүүн ээлжинд боловсрол, эрүүл мэндийн салбарын хэрэгцээнд ашиглуулах талаар санал боловсруулах, дуусаагүй барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгө болон төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дуусгах, ашиглалтад оруулах талаар санал боловсруулах үүрэгтэй ажиллах юм.

0/1000