Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Гадаад харилцааны сайдын санаачилгаар зохион байгуулагдаж буй “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” өнөөдөр эхэллээ.
“Урам зориг өгөх-нөлөөлөл үзүүлэх, хөрөнгө оруулах” уриатай энэхүү чуулга уулзалтад дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл болох 230 орчим төлөөлөгч хүрэлцэн иржээ. Бизнес эрхлэгчид, жендерийн тэгш байдал, олон улсын худалдааны чиглэлээр мэргэшсэн судлаачдаас гадна зарим орны парламент, Засгийн газрын гишүүд, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцож байна.
Үүний зэрэгцээ 140 гаруй бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бараа, үйлчилгээгээ олон улсад сурталчлах, хөрөнгө оруулалт татах зорилготой үзэсгэлэн худалдааг энэ сарын 24-25-нд Сүхбаатарын талбайд гаргана. Жижиг дунд бизнес эрхлэгч, ноос ноолуур, гар урлал үйлдвэрлэгчид, IT технологи, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч эмэгтэйчүүд оролцонх аж. Манай улсын хувьд эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн манлайлал, үүрэг оролцоог бүх түвшинд нэмэгдүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд олон улсын чуулга уулзалтуудыг өөрийн эх орондоо тогтмол зохион байгуулж байна. Энэ удаагийнх дөрөв дэх томоохон үйл ажиллагаа юм. Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын бага хурлыг 2022 онд, 2023 онд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг, 2024 онд НҮБ-тай хамтран Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байжээ.