horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Израилын зэвсэгт хүчин төлөвлөсөн довтолгооны дагуу Газа хотыг бөмбөгдөж эхэлжээ

post-img

Израилын зэвсэгт хүчин Палестины Газа хотыг бүрэн эзлэх төлөвлөгөөний дагуу ням гарагт тус хотыг агаараас бөмбөгдөж эхэлсэн байна.  

Түүнчлэн Газа хотын хойд хэсэг орших дүрвэгсдийн хуаран бүхий Жабалиа хотод тулаан ширүүсэж,  эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Газа хот нь 1 сая орчим палестинчууд аж төрдөг, хамгийн том суурьшмал бүс буюу Палестины хамгийн том хот юм.

Харин Израилын тал Газа хотыг Хамас бүлэглэлийн сүүлчийн түшиц газар гэж үзэж байгаа учраас ийнхүү засгийн газраас батласан төлөвлөгөөний дагуу хотыг эзлэх хуурай газрын давшилт болон агаарын довтолгоог эхлүүллээ.

Израилын зэвсэгт хүчин Газа хотын оршин суугчдыг бүгдийг нь хотоос нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөжээ.

Хотын оршин суугчид зүүн болон хойд хэсэгт томоохон дэлбэрэлт болж байгаа талаар хэлж байна. Газын зурвасын эрүүл мэндийн яамны зүгээс сүүлийн 24 цагийн хугацаанд Израилын довтолгооны улмаас 64 хүн амь үрэгдэж, 300 орчим хүн шархдаж, бэртэж гэмтсэн талаар мэдээллээ.

Харин Израил-Хамасын дайн эхэлснээс хойш Газын зурваст амь үрэгдсэн нийт хүний тоо 62,686 болж, мөн 157,951 хүн шархдсан талаар тус яамнаас мэдээлжээ.

Хамас бүлэглэлийг бүрмөсөн устгаж, ялан дийлэх амлалт өгсөн Израилын ерөнхий сайд Б.Нэтаньяху дайныг зогсоох олон улсын болон дотоодын дарамт шахалтыг үл ойшоож, цэрэг дайны үйл ажиллагааг улам нэмэгдүүлж, Газа хотыг эзлэх төлөвлөгөөний дагуу 60 мянган нөөц цэргийг татахаар болсон. 

Түүнчлэн зуучлагчдын зүгээс гал зогсоох шинэ саналыг Хамас бүлэглэл хүлээн авсан бол Израилын тал барьцааны бүх хүмүүсийг сулласан тохиолдолд л гал зогсоох яриа хэлэлцээг явуулна гэсэн байр суурин дээрээ бат зогссоор байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Газын зурваст байгаа 50 барьцааны хүний 20 нь л амьд байгаа гэж Израилын зэвсэгт хүчин үзэж байгаа ажээ.

0/1000