Ням гарагт Украин улсын тусгаар тогтнолын баярын өдөр тохиож, улс орон даяараа тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Украин улс одоогоос 34 жилийн өмнө буюу 1991 оны 8-р сарын 24-ний өдөр тусгаар тогтнолоо зарлаж байжээ.
ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарч, тусгаар тогтнолоо зарласан энэхүү өдрийг украинчууд газар нутгийнхаа 20 хувийг эзлүүлж, олон арван мянган хүнээ алдсан 3.5 жил үргэлжилж буй дайны сүүдэрт тэмдэглэлээ.

Тусгаар тогтнолын өдөр Украины ерөнхийлөгч В.Зеленский нийслэл Киев хотын төвд орших София талбайд цугларсан ард түмэндээ хандаж хийсэн мэдэгдэлдээ, “олон жил үргэлжилж буй энэ дайнд Украин улс хараахан ялалт байгуулаагүй хэдий ч ялагдал хүлээгээгүй нь тодорхой юм” гэжээ.
Мөн тэрээр Украин улс аюулгүй байдлын баталгаатай болж, урт хугацаанд үргэлжлэх, найдвартай, тогтвортой энх тайванд хүрнэ гээд, эх орноо хамгаалж, үргэлжлүүлэн дайтсаар байх болно гэдгийг онцолж, энхийн хэлэлцээр байгуулах түүний уриалгыг Москва “үл ойшоолоо” гэсэн байна.

Украины тусгаар тогтнолын баярын өдрийн ёслолын арга хэмжээнд Канадын ерөнхий сайд Марк Карни хүрэлцэн ирж оролцсон бөгөөд тэрээр Канад улс үргэлж Украин улстай мөр зэрэгцэн орших болно гээд, Канад улсаас Украинд үзүүлэх дрон, сум, зэр зэвсэг, хуягт техник зэрэг 2 тэрбум канад долларын тусламжийн эхний багц 9-р сарын эхээр Укаинд ирнэ гэдгийг мэдэгдсэн байна.
Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч төлөөлөгч Кейт Келлогг мөн ирж оролцсон ба баярын ёслолын арга хэмжээний үеэр Зеленский түүнийг Украин улсын нэгдүгээр зэргийн Гавьяаны одонгоор шагнаж, түүнд болон АНУ-д, тус улсын ерөнхийлөгч Д.Трампад талархал илэрхийлжээ. Зеленский мөн тусгаар тогтнолын баярын мэндчилгээ дэвшүүлсэн БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Их Британийн эзэн хаан III Чарльз зэрэг олон улсын төр засгийн удирдагчдад талархал илэрхийлжээ.

Мөн өдөр Норвеги улс Украинд 695 сая ам.долларын зэвсгийн шинэ тусламж үзүүлэхээ зарлаж, энэ хүрээнд Герман улстай хамтран агаарын довтолгооноос хамгаалах хоёр ширхэг Patriot систем, пуужин болон агаарын довтолгооноос хамгаалах радарын хамт нийлүүлэхээ мэдэгдсэн байна.
Ромын пап XIV Лео мөн ням гарагт Украин улсын тусгаар тогтнолын өдрийн мэндчилгээ дэвшүүлж, тус улсад энх тайвныг хүсэн ерөөжээ.
Украины тусгаар тогтнолын өдрийн өмнөх өдөр Оросын зэвсэгт хүчин Украины зүүн хэсгийн Донецк мужид хоёр тосгоныг эзлэн авсан бол ням гарагт Украины зэвсэгт хүчин Оросын нутаг дэвсгэрт дроноор довтолж, нэг дрон Курскийн цөмийн цахилгаан станцид унаж, гал гарсан ч унтраасан талаар албаныхны зүгээс мэдэгджээ.
Харин ням гарагийн орой хоёр тал тохиролцооны дагуу тус бүр 146 хоригдол цэрэг болон энгийн иргэдийг солилцсон байна. Зеленскийн хэлснээр 2022 оноос хойш Оросын талд хоригдож байсан хилийн цэргүүд болон энгийн иргэдээ солилцоогоор буцааж авлаа гэжээ.
Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд өрнөсөн, АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын зуучилсан Украины дайныг өндөрлүүлэх дээд хэмжээний хоёр талт болон олон талт уулзалтууд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ОХУ-ын зүгээс хийсэн мэдэгдлийн дараагаар зогсонги байдалд ороод байна.
ОХУ-ын гадаад хэргийн сайд С.Лавров баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ Путин, Зеленский нарын уулзалт төлөвлөгдөөгүй, тэдний хооронд шууд уулзалт зохион явуулахгүй гэж мэдэгдсэнээр энхийн яриа хэлэлцээний үйл явц ахин тодорхойгүй болж, үүнийг ОХУ дайныг удаашруулахыг хичээж байна гэж Зеленский буруутгасан бол АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-Украиныг зохицуулах нь “тосыг цуутай холих шиг хэцүү” хэмээн хэлсэн байна.