“Х” ХХК нь жоншны баяжмалын агуулга тодорхойлох зорилгоор 510 мл хэмжээтэй фторт-устөрөгч гэх химийн хорт бодисыг хууль бусаар ашиглажээ. Уг бодис нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын болон Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтад заасан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтдаг аж.
Химийн хорт болон аюултай бодисыг ашиг сонирхлынхоо төлөө хууль бусаар ашигласан, хадгалсан уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 (химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй талбайд, өөрийн эзэмшлийн барилга дотор үйл ажиллагаа явуулж байхдаа “М” ХХК 500 мл хэмжээтэй цууны хүчлээр нүүрсний дээж шалгасан байна. Энэ нь хууль хяналтынханд баригджээ. Уг бодис нь “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан байдаг аж.
Химийн хорт болон аюултай бодисыг ашиг сонирхлын төлөө хууль бусаар хадгалсан хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 (химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүллээ.