Даваа гарагт Цагаан ордны Зууван танхимд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мюн нар уулзлаа. Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай дахин уулзах хүсэлтэй байгаагаа Д.Трамп уг уулзалтын үеэр илэрхийлсэн бол И Жэ Мюн түүнээс Солонгосын хойгт энх тайван тогтооход дэмжлэг хүсэж, Трампыг Ким Жон Унтай уулзаж, Умард Солонгост “Trump World” цогцолбор босгон, гольф тоглохыг харахыг хүсэж байгаагаа хэлсэн байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мюн мөн Умард Солонгосыг цөмийн болон пуужингийн хүчин чадлаа нэмж байгааг цохон тэмдэглэж, Трампыг Солонгосын хойгт энх тайван цогцлоох шинэ эрин үеийг авчирна гэдэгт итгэж найдаж байгаа гэжээ.

Хариуд нь Д.Трамп БНАСАУ-ын удирдагчтай маш сайн харилцаатай гэдгээ онцолж, энэ жил Ким Жон Унтай ахин уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажилласан анхны бүрэн эрхийн хугацаандаа Ким Жон Унтай гурван удаа дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан байдаг юм.
Уулзалтын үеэр Д.Трамп Америкийн цэргийн бааз байрладаг Өмнөд Солонгосын газар нутагт түрээс төлдөг явдлыг зогсоож, тухайн газрыг “эзэмших”-ийг хүсэж байгаагаа хэлсэн байна. Харин И Жэ Мюн БНСУ-ын батлан хамгаалах салбарын төсөв зардлаа нэмэхээ мэдэгдсэн байна. Түүнчлэн тэд хоёр талын худалдааны харилцааг шинэчлэх асуудлыг хэлэлцэж, санал солилцсон талаар Өмнөд Солонгосын төрийн тэргүүн хэлсэн байна.
Өнгөрөгч сард хоёр тал тохиролцоонд хүрч, худалдааны гэрээ байгуулснаар Өмнөд Солонгосын импортод АНУ 15%-ийн тариф ногдуулахаар болсноос гадна АНУ-д Сөүл олон зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон билээ.