ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров хуваарьт төлөвлөгдөөгүй гэсэн шалтгаанаар Путин-Зеленский нарын уулзалтыг явуулах боломжгүй гэж өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт мэдэгдсэн. Үүний дараа Украины дайныг өндөрлүүлэх яриа хэлэлцээ зогсонги байдалд ороод байна.
Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп даваа гарагт Цагаан ордонд сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа “Путин, Зеленский нар уулзахгүй бол томоохон сөрөг үр дагавар гарах болно. Гэхдээ юу болохыг бүгдээрээ харцгаая” гэжээ. Д.Трамп ойрын 1-2 долоо хоногийн хугацаанд нөхцөл байдлыг ажиглана гэдгээ хэлж, шаардлагатай гэж үзвэл “маш хүчтэй” алхам хийх талаараа хэлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч өмнө нь Украинд үзүүлэх АНУ-ын дэмжлэг туслалцаа зогсохгүй гэдгийг дахин баталсан ч Украинд гаргаж өгөх аюулгүй байдлын баталгааны нарийн ширийн асуудлуудыг хараахан хэлэлцэж, тогтоогүй байгаа гэдгийг цохон тэмдэглэсэн юм.
Украины Ерөнхийлөгч В.Зеленский өнгөрсөн ням гарагт Украины асуудал эрхэлсэн Трампын тусгай элч төлөөлөгч Кейт Келлоггтой Киев хотноо уулзсан. Уулзалтаар Оросын талыг бодит яриа хэлэлцээнд хэрхэн татан оролцуулж, дайныг өндөрлүүлэх талаар хэлэлцсэн болохыг нийгмийн сүлжээнд мэдээлсэн байна.
Зеленский мөн Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Штортой хийсэн уулзалтын дараа хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэрээ АНУ, Украины албаныхны уулзалт долоо хоногийн сүүлээр явагдана гэдгийг хэлж, “Бид оросууд уулзалтад бэлэн байгаа эсэхийг Америкийн талаас сонсож, ойлгохыг хүсэж байна” гэжээ.
ОХУ-ын төрийн өмчит ТАСС агентлагийн мэдээлснээр, тус улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “Бүх тал Аляскад болсон Орос-Америкийн дээд хэмжээний уулзалтын үеэр олсон амжилтаа бататгах ёстой. Орос ч үүнийг хийж байна” хэмээн мэдэгджээ.