horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Газын зурвасын Нассер эмнэлэгт Израил цохилт үзүүлж, 20 хүн амь үрэгдэв

post-img

Газын зурвасын өмнөд хэсгийн Хан Юнис хотын Нассер эмнэлэгт даваа гарагт үзүүлсэн Израилын агаарын цохилтын улмаас хамгийн багадаа 20 хүн амь үрэгдсэний дотор тус эмнэлгийн эмч, ажилтнууд болон мөн сэтгүүлчид багтсан талаар Газын зурвасын эрүүл мэндийн алба мэдэгдлээ. Тус эмнэлэг Газын зурвасын өмнөд хэсэгт үйл ажиллагаа нь доголдолгүй үргэлжилж байсан цорын ганц эмнэлэг байв. Израилын агаарын цохилтын улмаас олон улсын хэвлэл мэдээллийн агентлагийн ажилтнууд амиа алдсан байна.

Тодруулбал, Катар улсын “Аль Жазира” сувгийн гэрэл зургийн сурвалжлагч, зураглаач Мохаммад Салама, АНУ-ын “Ассошиэйтэд пресс” агентлагийн гэрээт сэтгүүлч, зураглаач Мариам Дагга, “Ройтерс” агентлагийн гэрээт сурвалжлагч Хуссам аль Масри, Хатем Калед нар, мөн Палестины болон бусад олон улсын хэвлэлд ажиллаж байсан сэтгүүлч Моаз Абу Таха, Ахмад Абу Азиз нар уг цохилтод өртөн, амь үрэгдсэн болохыг дээрх мэдээллийн агентлагууд хамтарсан мэдэгдэл гаргаж, мэдээлсэн байна.

2023 оны 10-р сард эхэлсэн Израил-Хамасын дайны явцад мэдээ сурвалжилга хийж, ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн тоо ийнхүү 244-т хүрээд байгаа талаар “Palestinian Journalist Syndicate” (Палестины сэтгүүлчдийн синдикат) байгууллага мэдээлжээ.

FILE PHOTO: Al Jazeera journalist Anas Al Sharif, who was killed in an Israeli strike on August 10, 2025, prays next to the body of his colleague Al Jazeera reporter Ismail al-Ghoul, who also was killed in an Israeli strike on July 31, 2024, during al-Ghoul’s funeral in Gaza City July 31, 2024. REUTERS/Dawoud Abu Alkas/File Photo

Арабын хэвлэлүүдээр Нассер эмнэлгийг эхлээд пуужингаар харвасны дараа болсон үйл явдлыг газар дээрээс нь сурвалжлахаар сэтгүүлчид очжээ. Энэ үед хоёр дахь пуужинг “зориудаар” сэтгүүлчдийг онилж харвасан хэмээн мэдээлж байна.

“Хамас” бүлэглэлийг Газын зурвасын томоохон хотуудын эмнэлэг, сургууль зэрэг иргэний барилга байгууламжид бүгж хоргодон, тэдгээрийн доор өөрсдийн удирдлагын төвүүдийг байгуулж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэг хэмээн Израилын зэвсэгт хүчин буруутгаж, дайны туршид эмнэлэг, сургуулиудыг бөмбөгдсөөр байгаа юм. 

Хан Юнис хотын Нассер эмнэлэгт агаарын цохилт үзүүлсэн талаараа Израилын зэвсэгт хүчин мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлдээ “Зэвсэгт хүчний нэгдсэн штабын үүрэг чиглэлийн дагуу дээрх ажиллагааг гүйцэтгэсэн” гээд, сэтгүүлчдийг огт байгаа болгож онилдоггүй ба хамааралгүй хүмүүст хохирол учруулсанд харамсаж байгаагаа илэрхийлжээ.

Гэвч Израилын зэвсэгт хүчин ямар шалтгаанаар Нассер эмнэлэгт агаараас цохилт үзүүлснээ тайлбарлаагүй байна. Израилын хэвлэлүүдээр тус эмнэлгийн дээвэр дээр “Хамас” бүлэглэлийн байрлуулсан хяналтын камерыг устгах зорилгоор пуужин харвасан хэмээн аюулгүй байдлын албаны эх сурвалжийг эш татан мэдээлжээ.

0/1000