Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтарч Улаанбаатар хотын айлуудыг дулаалах төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү санамж бичигт нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэбаяр нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:
-Энэ оноос Улаанбаатар хот 5000 орчим айлыг иж бүрэн стандартын дагуу дулаалж, цаашлаад хийн түлш рүү шилжүүлнэ. Үүнээс монгол гэрт амьдарч байгаа 1385 айлыг НҮБ-ын Хүүхдийн сангийн дулаалгын стандартыг хангасан ЧИП төсөлд хамруулна. 9 дүгээр сарын 30-нд 1385 айлыг дулаалах материалыг нийлүүлж дуусна. Улмаар Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүдэд хийн халаалтын технологи нэвтрүүлэх, түгээх замаар агаарын бохирдлыг бууруулах зорилготой. Хийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, чанар, стандартад зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлыг Хүүхдийн сан хэрэгжүүлнэ.

ЧИП төсөл нь уламжлалт нүүрс шатаалтад суурилсан халаалтыг орлуулах, дулаан, агаарын чанарыг сайжруулах зорилготой “Монгол гэрийн дулаалга, халаалт ба агаар сэлгэлтийн багц” юм. Цахилгаан халаагуур, дулаалсан давхарга, агаар сэлгэлтийн системээс бүрдэх бөгөөд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж, агаарын бохирдлыг бууруулдаг. Энэ талаар НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хамтын ажиллагааг эхлүүлсэндээ талархалтай байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн хотын дарга Х.Нямбаатар Монгол Улсын хөгжлийн бодлого НҮБ-ын үзэл баримтлал, чиг баримжаатай уялддаг болохыг онцлохын сацуу Улаанбаатар хотод хийн түлшний зөв дадал, хэрэглээг бий болгох, агаар орчны бохирдлын нөлөөг судлах ажилд өндөр хүлээлттэй байгаагаа онцлов.