horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Жолооч нар осол гаргаад, зугтах нь олширчээ

post-img

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 8 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар зам тээврийн 2098 осол бүртгэгджээ. Үүний 122-т нь жолооч хэргийн газрыг зориуд орхиж, зугтаасан байв. Энэ нь өмнөх оны мөн үеэс 17-оор буюу 16 хувиар өссөн байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дахь хэсгийн б/-д “Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, мөн дүрмийн 3.5 дахь хэсгийн г/-д “тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах”-аар гэж заасан.
Жолооч уг үүргээ биелүүлээгүй, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Тээврийн прокурорын газраас 2025 онд нийслэлийн төвийн 6 дүүрэгт зам тээврийн осол гаргасан жолооч, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан 87 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн байна.

Зам тээврийн осол гаргасан жолооч осолд өртсөн хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлэхгүй, хэргийн газраас зугтаасны улмаас хохирогчид эмнэлгийн тусламж хугацаа алдаж үзүүлэх, улмаар хохирогчийн амь нас эрсдэх зэрэг ноцтой хор уршиг үүсэхээс гадна уг зугтаасан үйлдэлд нэмж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.

Иймд жолооч та зам тээврийн осол гаргасан бол Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ ухамсартайгаар биелүүлэхийг Тээврийн прокурорын газраас анхааруулж байна.

0/1000