Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт ганцаараа явж байсан эмэгтэйг үл таних 4 этгээд зодож, машинд хүчээр суулган, гар утас, үнэт эдлэлийг нь дээрэмдсэн хэрэг энэ сарын 13-14-нд шилжих шөнө гарчээ. Дээрэмдүүлсэн хүн тэр даруй цагдаад хандсанаар тус дүүргийн Цагдаагийн 3-р хэлтсийн ажилтнууд уг хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтнүүдийг илрүүлэн, саатуулаад байна. Энэ хэргийг 20 орчим насны 4 залуу хамтран үйлджээ.
Тэд мөнгөлөг саарал өнгийн “Приус 30” загварын машины улсын дугаарыг авч, түүгээрээ гэр хороолол болон гэрэлгүй зам, гудамж, байрны хооронд явж дээрэмдэх хүнээ хайдаг байжээ. Эдгээр этгээдийн унаж явсан машин нь өөрсдийнх биш, бусдаас түрээсэлсэн байсан аж. Тэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй байгаа иргэд болон гэрэлгүй зам, гудамжаар ганцаараа явж байгаа хүмүүсийг олзолдог юм байна.