horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хараагүйчүүдийн төвийн захирал, ня-бо 2-ыг шүүх цагаатгалаа

post-img

Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төвийн захирал асан З.Болдсайхан тус төвийн захирлаар ажиллаж байхдаа төсвийн болон хандив тусламжийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдоод байв. Түүнийг төслийн санхүүжилтээс 61 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж хууль хяналтын байгууллага шалгасан юм.

Байгууллагынхаа өр төлбөрийг төслийн мөнгөөр барагдуулсан гэх энэ хэрэгт Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төвийн нягтлан бодогч Б.Оюунчанцалыг хамжигчаар оролцсон хэмээн цагдаагийн байгууллага шалгаж, прокурор уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Энэ хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцлээ.

Шүүгдэгч З.Болдсайхан, Б.Оюунчанцал нарын шүүхэд гаргасан тайлбар:

-Эдийн засгийн нөхцөл байдал, хямралын улмаас бараа материалаа зээлээр авч, бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд, борлуулалтын орлогоороо ажилчдынхаа цалинг тавьдаг байсан. Хараагүй хүмүүс манай төвөөс өөр үйлдвэр, байгууллагад ажиллах боломжгүй. Хараагүй хүний хийж чадах ажил хязгаартай байдаг. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь зах зээлд борлогдох боломж бага байдаг.

Ингэж явсаар нийгмийн даатгал, татварын газарт өртэй болсон. Цалингаа тавьж чадахгүйн улмаас ажилчдын амьдрал ахуй хэцүү байдалд орсон. Манай байгууллагад гэр бүлээрээ ажилладаг хүмүүс ч байдаг. Нийгмийн даатгалд өртэй болохоор цалингийн зээл олдохгүй болсон.

Хараагүйчүүдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулах техник, технологийг шинэчлэх, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 249 сая төгрөгийн төсөл боловсруулж, 2019 онд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолоор батлуулсан. Төслийн хүрээнд холбогдох техник хэрэгслийг 187 сая төгрөгөөр авсан. Хэвийн ажиллаж байгаа.

Төслийн мөнгийг өөртөө, амин хувьдаа зарцуулсан зүйл байхгүй. Байгууллагад наад захын шаардлагатай байгаа зардал болох 2019 оны 5-р сарын 27-ноос 12-р сарын 31 хүртэл ажилчдын цалинд 16 сая төгрөг, ХХОАТ-т 10 сая, НДШ-д 34 сая төгрөг, нийт 61 гаруй сая төгрөг зарцуулсан.

Анхан шатны шүүхийн шийдвэр:

-Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад 61 сая гаруй төгрөгийг ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, татварт зарцуулсан нь тогтоогдож байна. Үүнийг албан тушаалын гэмт хэрэг гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, татварын өр төлбөрийг дарах зорилгоор шилжүүлсэн байна. Хохирол, хор уршиг учруулсан гэж үзэхгүй.

Шүүгдэгч З.Болдсайхан, Б.Оюунчанцал нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгалаа.

0/1000