horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хятад руу ачаа тээвэрлэх галт тэрэгнийхээ тоог нэмэхээр манай улс зорьж байна

post-img

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замуудын төлөөлөгчдийн болон Хөрш орнуудын хилийн төмөр замын комиссын ээлжит зөвлөгөөн энэ сарын 25-29-нд Улаанбаатар хотод болж байна. 5 өдөр үргэлжлэх энэ зөвлөгөөнөөр хөрш орнууд галт тэрэг солилцох, ачаа тээврээ зохион байгуулах, вагон хүлээлцэх, тариф, тооцооны асуудлаа хэлэлцэж байна. Монгол, Хятад, Оросын төмөр замчид 2023 онд Эрхүүд, 2024 онд Хөх хотод зөвлөлдсөн бол өнөө жил Улаанбаатарт цуглаад байна.  

Манай улс Хятад руу ачаа тээвэрлэх галт тэрэгнийхээ тоог нэмэх зорилгыг энэ удаагийн зөвлөгөөнөөр тавьж байгаа аж. Хятадын талд одоо манай улс өргөн царигаар хоногт 15 галт тэрэг ачаа хүлээлгэж өгдөг. Үүнийгээ наанадаж 16, цаанадаж түүнээс олон болгох асуудлыг урд хөршийн төмөр замчидтай ярилцаж байна. ОХУ-аас Монгол Улсын нутгаар дамжин БНХАУ руу явах галт тэрэг, Монгол Улсаас гадаад руу гаргаж буй уул уурхайн бүтээгдэхүүн, Монголд ачаагаа буулгаад буцаж буй хоосон чингэлэгтэй галт тэрэг бүгд нийлээд 15 галт тэрэг болдог.  

1 галт тэргэнд 50 вагон залгадаг. Хоногт нийт 15 галт тэрэг буюу 750 вагон ачаа Хятад руу гаргадаг гэсэн үг. 1 галт тэрэг буюу 50 вагон нэмбэл манай улс төмөр замаар одоо тээвэрлэж буй ачаан дээрээ нэмж 1.2 сая тн ачаа тээвэрлэх боломж бүрдэнэ. Энэ нь эдийн засагт 1.3 сая ам.доллар оруулна гэсэн үг.

Энэ оны эхний 6 сард Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замаар 8.773.163 тонн ачаа солилцжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 103.3% байна.  Сүхбаатар-Наушки өртөөгөөр 4.300.121 тонн ачаа солилцсон байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 104% байна. Монгол Улсын нутгаар 1823 галт тэрэг энэ хугацаанд дамжин өнгөрч, Оросоос Хятад руу дамжин өнгөрсөн галт тэрэг 15%-иар нэмэгджээ.

0/1000