“Хүн хүнээрээ бай”, “Бусдын хайрыг хүндэл”, “Ганц олдох насандаа”, “Гүй, жаал аа, гүй!”, “Энэ хүү”, “Ардын багш”, “Улаанбаатарын нулимс”, “Нулимс дуссан хайр”, “Ганцаараа” гэхчилэн уран бүтээл бүртээ утга санаа, үг илэрхийллээр сонсогчдодоо үзэл санаагаа тунхаглаж, Монголд хип хоп хөгжмийг зөв нутагшуулсан “Татар” хамтлаг өөрсдийн бодит түүхээсээ сэдэвлэн, “TATAR” уран сайхны кино бүтээснээ үзэгчдэд хүргэх гэж байна. Киног “ТАТАР”, “Аранжин пикчерс”, “Promix sound”, “Red point media”, “SO media” хамтран бүтээжээ. Киноны зохиолыг А.Миеэгомбо, Т.Билгүүн, Л.Ариунболд нар бичиж, ерөнхий продюсероор Д.Мөнхчулуунтатар, ерөнхий найруулагчаар Б.Батдэлгэр ажилласан байна. Гол дүрд жүжигчин, реппер Gangaa буюу Д.Ганбат, жүжигчин Х.Сумъяадорж, Н.Түвшин, Б.Тэмүүжин, Б.Балжинням нар тогложээ.
“Татар” хамтлаг Монголд хамгийн анх enhaced CD гаргаж, фэн клуб байгуулан, цомгийн өдөрлөгөө хийж, гадаад зах зээл рүү чиглэсэн ажлууд, бүрэн хэмжээний уран сайхны кино, мянга мянган залуусыг хамруулсан сайн сайханд уриалсан нийгмийн ажлууд, бие даан хийсэн бүрэн хэмжээний амьд тоглолтуудаараа бусад хип хоп хамтлагуудаасаа ялгарч, олон нийтэд хип хоп хөгжмийг хүлээн зөвшөөрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж чадсан гээд олон анхдагчийн эзэн юм. Энэ кино бол зөвхөн нэгэн хамтлагийн дурсамж бус, Монголын хөгжмийн ертөнц, нэгэн үеийн залуусын амьдрал, сонголт, тэмцэл, мөрөөдлийн тухай өгүүлэл юм. Хөгжим тэднийг амьдруулсан. Харин тэдний түүх одоо дэлгэцнээ амилж байна. “ТАТАR” уран сайхны киног ирэх 9 дүгээр сарын 19-нөөс бүх кинотеатраар үзэгчдийн хүртээл болгоно.