Төв аймгийн Баян сумын нутагт орших Төгрөг нуурын хүрэн бүлэг ордын талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан хугацаанд өргөдөл гаргаж, эрх бүхий байгууллагуудтай гэрээ байгуулаагүй хууль зөрчсөн тул “Төгрөгнуурын-Энержи” ХХК-д олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.8-д заасныг үндэслэн хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газарт өнөөдөр Засгийн газар даалгалаа. Уг ордын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нүүрсний нөөцөд үндэслэн, техник эдийн засгийн үндэслэл, олборлолтын хүчин чадлаа тодорхойлсон юм байна.
УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу Төгрөг нуурын ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах, ордын талбайн хил заагийг Засгийн газраас тогтоох асуудлыг яаралтай боловсруулж, 2025 оны 9 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд оруулахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд үүрэг болголоо. Уг ордыг “Эрдэнэс Монгол” нэгдэлд шилжүүлэх юм байна.

Төгрөг нуурын бүлэг орд нь 20-30 км талбайн хэмжээтэй, гурван тэрбум тонн хүрэх хүрэн нүүрсний нөөцтэй гэсэн урьдчилсан тооцоо судалгаатай, ашигт малтмалын томоохон ордуудын нэг юм. Энэхүү бүлэг ордод 1951-1986 онд улсын хөрөнгөөр долоон удаа урьдчилсан хайгуул хийсэн байдаг.
УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан албан тушаалтан нь “Төгрөгнуурын энержи” ХХК-ийн хувьцааг эзэмшиж байхдаа өөртөө давуу байдал бий болгож, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг гадаадын хөрөнгө оруулалттай компанид худалдаж их хэмжээний орлого олж, мөнгө угаасан байж болзошгүй үйлдэлд АТГ хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.
Тус орд нь Ирээдүйн өв сан болон Үндэсний баялгийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх ач холбогдолтой чухал орд газар. Тиймээс хүчингүй болсон тусгай зөвшөөрлүүдийг Үндэсний баялгийн санг бүрдүүлдэг үндэсний аж ахуйн нэгжид шилжүүлж, хайгуул болон олборлолтыг эрчимжүүлэх, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр өгөөжийг нь Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх ёстойг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлон хэлэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор үндэсний баялгийн сангийн тухай үзэл баримтлалыг санаачлан, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгаж, батлуулсан. Ингэснээр Ирээдүйн өв сан болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулиуд батлагдах эрх зүйн үндсийг тавьсан юм. Үндэсний баялгийн санг санаачлагчийн хувьд, мөн гүйцэтгэх засаглал хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй тул Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэр болон иргэдэд хүртээх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.