Засгийн газраас өнөөдөр гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:
-Байгалийн баялгийн өгөөжийг тэгш шударга хүртээх Үндсэн хуулийн заалт бий. Үүнийг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ баталсан. Стратегийн ордын үр өгөөжийн дийлэнх нь Монголын ард түмэнд ноогдох зарчимтай.
“Эрдэнэт”-ийн овоолгыг ашиглаж буй үүсмэл 3 орд дээр ажилласан. “Эрдэнэт үйлдвэр”-ийг дагасан тендер, гэрээ, овоолгын гэж 3 хулгай бий гэдэг. Тендерийн хулгай бол эрс багассан, алга болсон гэж хэлж болохоор байна. Ашигт малтмалыг биржээр арилжаалдаг болсон тул үндсэндээ гэрээний хулгай зогссон.
Одоо овоолгын хулгай л үлдээд байна. Үүнийг таслан зогсооно. Хэзээ нэгт ашиглана гэдэг зорилгоор хадгалж, хамгаалж байсан үүсмэл 3 орд дээр 3 компани үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагаа явуулахдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгын баялгаас Монголын ард түмэн биш, “Эрдэнэт үйлдвэр” биш, хэсэгхэн хүмүүс, цөөн гэр бүл илүү ашиг хүртдэг болсон байна.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолго буюу исэлдсэн хүдэр бол байгалийн баялаг. Үүнийг “Эрдэнэт үйлдвэр” үүц болгон ашигладаг. Зарим хүмүүсийн хэлж байгаа шиг хаягдал биш. Энэ бол хаягдал биш, баялаг. Тийм учраас Монгол Улсын ЗГХЭГ, холбогдох компанийн төлөөлөл буюу “Ачит-Ихт”, “Эрдмин”, “Зэс-Эрдэнэ” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан.
Эдгээр компанийн удирдлагуудтай уулзаж, үүсмэл орд ашиглагч хуулийн этгээдүүдтэй богино хугацаанд хамтран ажиллаж, Үндсэн хуульд заасны дагуу ард түмэн баялгийг хүртэх боломжийг бүрдүүлэхийн тулд дэд ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг нэг сарын хугацаанд ажиллана. Өнөөдрөөс ажилдаа орж байгаа.
“Ачит-Ихт” ХХК 2014 оноос 2024 онд 10 жилийн дотор 100 мянган тн кадотын зэс үйлдвэрлэн, 1.7 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байна. Гэсэн хэрнээ “Эрдэнэт үйлдвэр”-т 30 тэрбум төгрөг төлсөн. АМНАТ 5% байсныг 2.5% болгосон. Үндсэндээ овоолгыг одоо үнэгүй ашиглаж байна.
Харин “Эрдмин” ХХК-ийн 25 хувийг “Эрдэнэт үйлдвэр” эзэмшдэг. 2024 онд 639 тэрбумын борлуулалтын орлоготой ажилласан. “Эрдэнэт үйлдвэр”-т 67 тэрбум төгрөгийн ноогдол ашиг хуваарилсан. Улсын төсөвт нийтдээ 170 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Тус компанийн 25%-ийг нэмэгдүүлж, 34% болгосноороо сая хүртэх өгөөх илүү нэмэгдэнэ.
“Зэс-Эрдэнэ” компани “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашигладаг. Энэ компани туршилтын үйлдвэр явуулж байгаа нэрээр АМНАТ, бусад татвар хураамж төлдөггүй. Ийм болохоор Эрдэнэтэд овоолгын хулгай байна гэдэг нь эдгээр асуудлаас харагдаж байгаа юм.
Тийм болохоор Үндэсний баялгийн сангийн агуулгыг үүсмэл ордууд дээр эхэлж хангуулъя. Үүсмэл ордын 34 %, түүнд дүйцэх АМНАТ-ыг энэ хэлэлцээний үр дүнд авдаг болно. Үүсмэл ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудлыг богино хугацаанд шийдэж, үр дүн гаргахыг зорьж байна. 10-р сард багтаан, үүсмэл ордын асуудлыг нэг талд нь гаргаж цэгцэлнэ.
Хөгжлийн санд төсвийн давсан орлогоос хуримтуулна гэсэн. Хэзээ ч Монгол Улсын төсөв давсан орлоготой байгаагүй. Ийм учраас Хөгжлийн санд ямар ч хуримтлал байхгүй.