Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

Эмийн бөөний худалдаа эрхлэгчид эргэлтийн хөрөнгөгүй болж эмийн нийлүүлэлт тасалдаж магадгүй болсон талаараа мэдээлээ.

Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооноос эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлтийг зогсоохоос өөр аргагүй байдал үүссэн талаараа мэдэгдэл гаргалаа. Нийгэм бухимдан талцаж, хэнийх нь зөв, хэнийх нь буруу болохыг ид шүүж байна.

Монгол Улсад бүртгэлтэй эмийн бөөний төвүүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй болсон талаар холбооныхон учирлав. Авах нь бөхийж өгөх нь гэдийж байгаа юм даг уу даа.

Мэдэгдлийн эхэнд эм хангамжийн байгууллагууд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу тендерт оролцож шалгаран бүх шатны эмнэлгүүд, эрүүл мэндийн байгууллагуудад эм, эмнэлгийн хэрэгслийг жигд, тасралтгүй ханган нийлүүлсээр ирсэн. Гэхдээ төрөөс бараа нийлүүлсэн төлбөрийг гэрээт хугацаандаа барагдуулаагүйгээс он дамжсан авлага үүсэж, одоог хүртэл бүрэн төлөгдөөгүй байгаа талаар дурджээ.

2025 оны тендер шалгаруулалт эхний хагас жилд өөрөөр хэлбэл, зургадугаар сар гэхэд бараг бүрэн цэгцэрдэг. Улсын томоохон эмнэлгүүд, аймаг, орон нутгийн эмнэлгүүд ч бүтэн жилд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцөө тендер зарлаж базаадаг. Угаасаа хууль нь ийм.

Зөвхөн эмийн салбарт ч биш, бусад бүх салбарт тендерт оролцогчдод ийм шалгуур тавьсан.

Нэгэнт тендерт шалгарсан тохиолдолд хоёр тал гэрээ байгуулж, хуваарь ёсоор бараагаа нийлүүлж, акт үйлдсэн байх ёстой. Гэрээнд заасны дагуу төлбөрөө авах нь ч зүй ёсны л асуудал. Гэтэл бараагаа өгчихөөд байдаг, мөнгөө авч чадахгүй байгаа нь асуудал дагуулжээ.

Энэ жил улсын төсөв алдагдалтай байж, тендер шалгаруулалт эхлэхэд Сангийн яамнаас татвар, НӨАТ-ын нэг ч төгрөгийн үлдэгдэлгүй компанийг л тендерт шалгаруулах тухай хатуу зарчим баримталж, түүнийгээ ч ягштал биелүүлсэн тухай тендерт оролцсон компанийнхан ярьж байна. Зөвхөн эмийн салбарт ч биш, бусад бүх салбарт тендерт оролцогчдод ийм шалгуур тавьсан.

Тэгэхээр энэ шалгуурыг давсан компаниуд л тендерт оролцсон, шалгарсан байж таарах нь. Нэгэнт өндөр шалгуурыг давж, бүх татвараа төлж, өр ширээ тэг болгон тендерт ялсан компаниудад бараа нийлүүлсэн төлбөрийг хуваарь ёсоор өгөх нь шударга ёсонд нийцнэ.

Үүний цаана эмнэлгээр үйчлүүлж буй иргэдийн, эмийн сангаар үйлчлүүлэх хүмүүсийн эрх ашиг хохирох ёсгүй. Иргэдийн дунд эмийн сангууд эмээр тасалдах нь гэсэн айдас бий болох шиг боллоо.

Нэгэнт авлагаа авч чадахгүй байгаа тэдэнд эргэлтийн хөрөнгө дутагдаж, цаашлаад эм нийлүүлэх талдаа асуудал үүсэж болзошгүй болов. Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудаас авах авлага энэ салбарын эргэлтийн хөрөнгийн 40 хувьд хүрсэн нь харин асуудал юм. Оны сүүлээр эмийн хомсдолд орох вий дээ.

- Шинэ
- Хандалттай