АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын Энэтхэгийн маш олон төрлийн импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан 50 хувийн тариф лхагва гарагаас хүчин төгөлдөр үйлчилж эхлээд байна.
Трампын хувьд Энэтхэг улсыг ОХУ-аас газрын тос худалдан авч, дайныг санхүүжүүлж буй явдалд буруутган шийтгэх үүднээс өндөр тариф ногдуулсан бөгөөд Украины дайныг өндөрлүүлэх хүчин чармайлтын хүрээнд авч хэрэгжүүлээд буй уг арга хэмжээнээс үүдэн Вашингтон, Нью-Делигийн харилцаа холдож эхэллээ.
Д.Трамп ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээж авсны дараа дэлхийн бараг бүхий л улс орнуудад нэмэлт тариф ногдуулж байгаагаа зарлаж, үргэлжлээд АНУ-ын худалдааны томоохон түнш улс орнуудтай яриа хэлэлцээ явуулан, худалдааны шинэ гэрээ хэлэлцээр байгуулсан боловч тэдгээрийн дотроос хамгийн өндөр тариф ногдуулсан нь Энэтхэг улс болоод байна.
Япон, Өмнөд Солонгос зэрэг Азийн бусад томоохон худалдааны түнш улс орнуудтай Трампын засаг захиргаа 15 хувийн тариф ногдуулах тохиролцоонд хүрсэн юм.
Гэхдээ Энэтхэгийн импортод тогтоосон өндөр тарифт ган, хөнгөн цагаан, автомашин, ухаалаг гар утас, компьютерын чип, эм бэлдмэл зэрэг тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүн багтаж ороогүй буюу эдгээр барааны импортод тусдаа, арай бага хувь хэмжээтэй тариф бодогдох болно.
Өнгөрсөн жил Энэтхэг улс АНУ-д 87.3 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнийг экспортолж, гадаад худалдааны хамгийн том түншүүдийн нэг байсан байна. Гэвч 50 хувийн тариф ногдуулсан нь Энэтхэгийн эсрэг худалдааны эмбарго буюу хориг тогтоосонтой бараг төстэй ба жижиг компани, аж ахуй нэгжүүдэд хохирол учруулах магадлалтай гэж шинжээчид анхааруулж байна.
Энэтхэгийн нэхмэл сүлжмэл эдлэл, далайн гаралтай хүнс, үнэт эдлэл экспортлогч компаниуд хэдийнээ АНУ-ын захиалгуудаа цуцлаж эхлээд байгаа ба ижил төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, өрсөлдөгч Бангладеш, Вьетнам улсуудад зах зээлээ алдаж, цаашлаад ажиллах хүчний цомхотгол олноор хийгдэх айдсыг төрүүлж байна.
Нью-Делигийн зүгээс Вашингтоны үйлдлийг “шударга бус, зүйд нийцэхгүй, зохисгүй, шалтгаангүй” хэмээн шүүмжилж буруутгаад байгаа бөгөөд Энэтхэгийн ерөнхий сайд Н.Моди улс орныхоо эрх ашгийг хамгаалж, дотоодын хүчин чадалдаа найдах амлалтыг өгчээ.
Түүнчлэн Энэтхэг улс ОХУ-аас ураны гексафторид, палладий, бордоо зэргийг үргэлжлүүлэн худалдаж авахаа мэдэгдэж, Оросын нефтийн импортыг онцгойлон байгаа болгон онилсон хэмээн АНУ-ыг буруутгаж, мөн Хятад зэрэг Оросоос газрын тос худалдаж авч буй бусад улс орнуудыг шийтгэж, өндөр тариф тогтоолгүй ялгавартай хандаж байгаа талаар энэ сард хурц мэдэгдэл хийгээд амжсан.
Хэрвээ дэлхийн гурав дахь том нефтийн хэрэглэгч Энэтхэг улс ОХУ-аас газрын тос худалдаж авахаа зогсоовол дэлхийн зах зээл дээрх түүхий газрын тосны үнэ гурав дахин нэмэгдэж, нэг баррель нь 200 орчим ам.доллар болно гэж Энэтхэгийн засгийн газраас тооцоолжээ.
2024 онд Энэтхэгийн нийт түүхий газрын тосны импортын 36 орчим хувийг ОХУ эзэлж байсан байна.