horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Сургуульд ухаалаг гар утас, таблет хэрэглэхийг хориглоно

post-img

Өмнөд Солонгос улсад гар утас, таблет гэх зэрэг ухаалаг төхөөрөмжүүдийг сургуулийн анги танхимд хичээлийн цагаар ашиглахыг хориглох тухай хуулийн төсөл батлагджээ. БНСУ-ын Үндэсний ассамблейн лхагва гаргийн хуралдааны үеэр явагдсан санал хураалтын дүнгээр чуулганд оролцсон 163 гишүүний 115 нь дээрх хуулийн төслийг дэмжсэн байна. Сүүлийн жилүүдэд сурагчид гар утасны хэрэглээнд донтож, олон судалгаагаар эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг нь нотлогдсонтой холбоотойгоор боловсруулсан хуулийн төсөл ийнхүү батлагдлаа.

Гар утасны хэрэглээ нь сурагчдын эрдэм мэдлэгт суралцах чадварыг бууруулж, сурч мэдэх цаг хугацааг нь хумсалж байгаа тал дээр Өмнөд Солонгосын хууль тогтоогчид, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид бүгд санал нэгдсэн байна. Харин уг хуулийн хэрэгжилт дараагийн хичээлийн шинэ жил буюу 2026 оны 3-р сараас эхлэхээр болжээ.

Харин зарим сурагчдын төлөөллийн зүгээс дээрх хоригийг яг ямар байдлаар хэрэгжүүлэх, гар утасны донтолтын эсрэг хэрэглээг нь хорих байдлаар тэмцэх нь зөв эсэх дээр эргэлзээтэй хандаж байгаагаа илэрхийлсэн байна.

Түүнчлэн сургуулийн багш нар дээрх хуулийн талаар хуваагдмал байр суурьтай байна. Тус улсын Солонгосын багш нарын холбооны зүгээс сургуулийн анги танхимд гар утасны хэрэглээг хориглосон уг хуулийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол Солонгосын багш, боловсролын ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн зүгээс албан ёсны байр сууриа хараахан илэрхийлээгүй байгаа ч зарим гишүүд нь дээрх хуулийг сурагчдын хувийн эд зүйлсээ ашиглах эрхийг нь зөрчиж байгааг талаар хэлсэн байна.

Уг хуулийн дагуу сургуулийн анги танхимд хичээлийн цагаар гар утас хэрэглэхийг хориглож байгаагаас гадна мөн сурагчдыг сургуулийн орчинд гар утас хэрэглэхийг нь зогсоох эрх мэдлийг багш, сурган хүмүүжүүлэгч нарт давхар олгож, нэмээд сурагчдад ухаалаг төхөөрөмжийн зохистой, зөв хэрэглээний талаар мэдлэг боловсрол олгохыг сургуулиудаас хүсэж байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар Финланд, Франц зэрэг улсад зөвхөн бага сургуулийн сурагчдын гар утасны хэрэглээг сургуульд хориглох хууль, дүрэм журам үйлчилж байгаа бол Итали, Нидерланд, БНХАУ-д бага, дунд, ахлах гээд ерөнхий боловсролын бүхий л сургуульд гар утас хэрэглэхийг хориглосон байдаг байна.

0/1000