Оросын зэвсэгт хүчин лхагва гарагт Украины эрчим хүчний дэд бүтцүүдэд цохилт үзүүлсний улмаас тус улсад 100 мянга гаруй айл өрх цахилгаангүй болсон талаар Киевийн зүгээс мэдэгджээ.
Тодруулбал, Украины Полтава, Суми, Черниговын бүсүүдэд 100 мянга гаруй айл өрх тог цахилгаангүй болсон талаар тус улсын ерөнхийлөгч В.Зеленский мэдэгдлээ.
Мөн тэрээр Оросын зүгээс Украинд үзүүлж буй цохилтуудын эсрэг хатуу байр сууриа илэрхийлэхийг АНУ-д уриалсан байна.
Орон нутгийн цагаар лхагва гарагийн шөнө үзүүлсэн цохилтын улмаас мөн Украины өмнөд хэсгийн Херсон мужид 3 хүн амь үрэгдсэн байна.
Украины эрчим хүчний яамны мэдэгдэлд Оросын тал тус улсын Полтава, Харьков, Запорожье, Донецк, Суми, Чернигов гэсэн 6 мужийн эрчим хүч болон байгалийн хий дамжуулах иргэний дэд бүтцүүдэд агаарын цохилт үзүүлсэн гэжээ.
Мөн тус яамнаас энэ удаагийн халдлагыг намрын хүйтэн өдрүүдийг угтан дулаан хангамжийн системд саад учруулж, “халаалтын улирал эхлэхийн өмнөхөн Украины иргэний зориулалттай дэд бүтцийг устгах санаатай бодлого” гэж нэрлэжээ.
2025 оны 3-р сараас хойш өнөөг хүртэл Украины эрчим хүчний холбогдолтой дэд бүтэц, обьект, барилга байгууламжууд нийт 2900 удаа Оросын цохилт, халдлагад өртөөд байгааг өнгөрсөн долоо хоног Украины эрчим хүчний яамнаас мэдээлсэн юм.
Эсрэгээрээ Украины тал ч мөн сүүлийн үед Оросын эрчим хүчний дэд бүтцүүдийг онилон цохилт үзүүлсээр байна. 8-р сарын 2-14 хооронд Украины тал ОХУ-ын газрын тосны дэд бүтцүүдэд хамгийн багадаа 12 удаагийн дроны цохилт үзүүлээд байгаа ажээ.