horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Б.Мэргэн: Энэ сарын 4-нөөс хойших өмгөөлөгч нарт нотлох баримт танилцуулаагүй шүүхийн бүх шийдвэр хууль бус

post-img

Өмгөөлөгч Б.Мэргэнтэй ярилцлаа.

————————————————————–

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүх өмгөөлөгчийг нотлох баримттай танилцах боломжоор хангахгүй байгаа талаар та дуугарах боллоо. Өмнө нь өмгөөлөгч прокурорын гаргасан нотлох баримттай танилцахгүйгээр шүүх хуралд ордог байсан гэсэн үг үү?

-Тийм. Өмнө нь таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүх хурал прокурорын саналаар болдог байсан юм. Прокурор ямар үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээ авах гэж буйгаа түрүүлээд шүүгчид танилцуулчихдаг. Өөрөөр хэлбэл, хэргийн материалаа шүүх хурлаас өмнө үзүүлж байна гэсэн үг. Энэ хүн оргон зайлж болзошгүй, оргон зайлахыг завдсан эсвэл гэрч, мөрдөгч, шүүгчид нөлөөлөхийг оролдсон, нотлох баримтыг устгах, нуух, зөөвөрлөхийг завдсан гэх үндэслэл байна.

Эдгээр үндэслэлүүд нь ийм, ийм нотлох баримтаар нотлогдож байгаа гэдгээ шүүгчид танилцуулаад шүүх хуралдаанд ордог байлаа. Хамгийн гол нь өмгөөлөгч тухайн нотлох баримтуудтай танилцах боломжгүй. Хэргийг эцэслэн шийдвэрлэхээр болоод шүүх рүү шилжүүлэх үед л өмгөөлөгчид нотлох баримт, хавтаст хэргийг танилцуулдаг. Таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүх хурал бол хэргийг шалгаж дуусаагүй байх үед урьдчилан авч буй арга хэмжээ юм. Тиймээс өмгөөлөгчид хэргийн материалыг танилцуулдаггүй. Гэтэл хуульд шүүх хуралдаан мэтгэлцээний үндсэн дээр болно. Талуудыг мэтгэлцэх боломжоор шүүх хангана гээд заачихсан хэрнээ өмгөөлөгчид нотлох баримтуудаа үзүүлэхгүй, зөвхөн шүүгчид таницуулаад л шүүх хуралдаанд ордог. Түүнчлэн ийм, ийм үндэслэлээр энэ хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авах гэж байна. Мөн үндэслэлээр энэ хүн оргон зайлж, гэмт хэрэг дахин үйлдэж магадгүй. Үүнийг тогтоосон баримтууд энэ гээд прокурор яриад байдаг. Харин өмгөөлөгч тэдгээр баримтуудыг хараагүй учраас мэтгэлцэх ямар ч нөхцөл бүрдэхгүй. Юу ч хараагүй хүн юу ярих вэ. Прокурорын ярьж байгаа худал, манай үйлчлүүлэгч гэрчид нөлөөлөөгүй, оргон зайлж, дахин гэмт хэрэг үйлдэхийг завдсан зүйл байхгүй гээд мэтгэлцье гэхээр боломжгүй. Прокурор бол “Шүүгч ээ та баримтуудаа харсан биз дээ“ гээд байдаг.

-Энэ асуудлыг зохицуулах хуулийн нэмэлт, өөрчлөлт хэзээнээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн бэ?

-Энэ оны зургаадугаар сард Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт орсон. Бидэнд ямар ч мэтгэлцэх боломж алга хэмээн санал хүсэлтээ өгсний эцэст Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл хэрэгжсэн. Энэ цагаас эхлээд Өмгөөлөгчдийн холбоо болон манай өмгөөлөгчид тухайн ажлын хэсэгт оролцоод нөхцөл байдлаа тайлбарласны үндсэн дээр УИХ-аас 2025 оны зургадугаар сард өөрчлөлт оруулсан юм. Харин өөрчлөлт оруулсан хууль маань долдугаар сарын 25-нд Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Хуулиараа Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа тухайн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлдэг. Тэгэхээр 2025 оны наймдугаар сарын 4-нөөс хойш энэ хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн гэсэн үг. Тухайн хуульд хэд хэдэн өөрчлөлт орсны нэг нь өмгөөлөгч нотлох баримттай танилцах асуудал юм. Өөрөөр хэлбэл, таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдан хорих үндэслэлээ баталгаажуулсан нотлох баримтуудаа өмгөөлөгчид заавал танилцуулна. Өмгөөлөгч нотлох баримттай танилцаад эсэргүүцсэн нотлох баримтаа гаргаж ирэх боломжоор хангана. Мөн тайлбар авсны дараа шүүх хуралдаан хийнэ. Ийнхүү нотлох баримттай танилцах боломжоор хангах, тайлбар гаргах нөхцөлийг шүүх бүрдүүлнэ гээд хуулийн өөрчлөлт хийгдсэн. Хэрэв өмгөөлөгчид танилцуулахгүйгээр нотлох баримт гаргах, тайлбар авах боломж олгоогүй бол прокурорын гаргаж ирсэн үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээ авч болохгүй. Прокурор өмгөөлөгчид таницлуулаагүй баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гээд тодорхой заачихсан байгаа. Тиймээс бид нотлох баримтуудтай танилцаж тайлбар гаргаад түүнийг нь сөрсөн нотлох баримтуудаа ч гаргаад мэтгэлцэх боломжоор хангагдсан юм.

-Тэгвэл гол асуудал нь энэ хуулийн нэмэлт, өөрчлөлт наймдугаар сарын 4-нөөс хойш огт хэрэгжээгүй юу?

-Өнөөдрийг хүртэл энэ хууль ерөөсөө хэрэгжихгүй байна. Би шүүхэд удаа дараа хүсэлт гаргаж, амаараа ч хэллээ. Та нар нотлох баримтаа өмгөөлөгчид танилцуулаач ээ. Жишээ нь, манай үйлчлүүлэгчийг оргон зайлж болзошгүй гээд цагдан хорьсон. Тэгвэл ямар нотлох баримтаар оргон зайлж болзошгүй гээд байгаа юм бэ. Бид ерөөсөө оргон зайлах оролдлого хийгээгүй. Оргон зайлах магадлалтай гэж үзэх болсон нотлох баримттай шинэ хуулиараа өмгөөлөгч танилцах эрх тэй. Мөн өмгөөөлөгч үүний эсрэг нотлох баримт, тайлбар гаргах эрхтэй болчихсон. Тиймээс хуулийн дагуу нотлох баримтаа өмгөөлөгчид үзүүл гэхээр шүүгч, прокурор аль, аль нь үзүүлэхгүй. Тэгээд ямар тайлбар өгдөг вэ гэхээр прокурор шүүх хурал дээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлээ тайлбарлах явцдаа нотлох баримтаа танилцуулна гэж байгаа юм. Ашгүй, шинэ хууль батлагдаж иргэдийн эрх чөлөө, өмгөөлөгчдийн ажиллах нөхцөл хангагдлаа гээд бодит байдал дээр хэрэгжүүлье гэхээр шүүх нь хэрэгжүүлэхгүй. Зарим шүүгчийн туслах ийм хууль батлагдаад, хэрэгжээд эхэлснийг мэдэх ч үгүй байна. Бүр ийм хууль батлагдчихсан юм уу гэж асуух жишээтэй. Уг нь хамгийн түрүүнд мэдээд, хэрэгжүүлэх ёстой шүүх нь хуулиа мэдэхгүй байна. Тэгээд хэрэгжүүлэхийг шаардахаар хэрэгжүүлэхгүй. Та нар энэ хуулийг хэрэгжүүлээгүй учраас гаргаж байгаа шийдвэр бүр чинь хууль бус гэдгийг хуульд тодорхой заачихсан байгаа шүү гэж хэлэхээр тоохгүй. Наймдугаар сарын 4-нөөс хойш өмгөөлөгчид нотлох баримт танилцуулаагүй шүүхийн бүх шийдвэр хууль бус. Ганц би ч биш олон өмгөөлөгч энэ тухай ярьж байгаа. Намайг сошиалд пост бичсэний дараа бид ч гэсэн танилцаж чадахгүй байна гээд бичсэн байна лээ. Тэгэхээр хялбар ажиллагааны шүүхийн наймдугаар сарын 4-нөөс хойш гаргасан бүх шийдвэр хууль бус. Эерэг ч бай, сөрөг ч бай хамаагүй.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

А.Даваадулам

0/1000