“Ёодэл” дууны урсгалаар олноо танигдсан дуучин, жүжигчин П.Баярцэнгэл есдүгээр сарын 6-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Хайр эзэнтэй” тоглолтоо хийхээр болжээ. Түүний “Holly Dolly” “Санахдаа”, Вансэмбэрүү”,” Хайр эзэнтэй” зэрэг олон уран бүтээлийг фэнүүд мэдэх билээ.
———————————————————————
-Юуны өмнө тоглолтоо хийх гэж байгаад баяр хүргэе. Бэлтгэл ажил хэр байна?
-Маш их баярлалаа. Тоглолтын маань бэлтгэл ажил энэ оны тавдугаар сараас эхэлсэн. Төсөл эхэлснээс хойш продюсинг, техник, уран бүтээлийн багийн 80 орчим залуус идэвхтэй ажиллаж байна. Тоглолтын үеэр 1100 орчим хүн ажиллахаар төлөвлөсөн байна лээ. Тоглолтын зохион байгуулалтын багт ихэвчлэн залуу дүү нар маань ажиллаж байгаа. Нэг артистын тоглолт бус том төсөл учир олон хүнийг түр ажлын байраар хангах бололцоог нээж, нэг зорилгын төлөө ажиллаж буй учир их сайхан байна.
-Тоглолтод оролцох уран бүтээлчдийн нэрс гарчихсан байсан. Хуучны нэлээд хэдэн хамтлаг, дуучид ирж дуулах юм билээ. Зочин артист, хамтлагийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Тоглолтдоо аль болох өөрийн хамтарч байсан, нэгэн үеийн төлөөллүүдээ оролцуулахыг хичээсэн. Зочин уран бүтээлч, хамтлагууд олон байна гэсэн шүүмжлэл үзэгчдээс их ирж байгаа. Найруулагчийн багийн зүгээс зочин уран бүтээлчдийг хоёр хүртэлх хит уран бүтээлээ толилуулах маягаар хөтөлбөр бэлдсэн. Тиймээс үзэгчдэд сонирхолтой байх болов уу гэж найдаж байна. Мэдээж хамтарч уран бүтээл хийж байсан бүх уран бүтээлчтэйгээ тайзнаа хамт гарна.
-Таны сүүлийн үеийн уран бүтээлүүд өв соёлоо хадгалсан, үндэсний хэв маягтай хослуулсан харагдсан. Сүүлд гаргасан уран бүтээлийнх нь талаар яриагаа үргэлжлүүлье?
-Үндэсний хөгжим, аялгуу гэдэг бол монгол хүн бүрийн үнэт зүйл. Миний хувьд монгол хөгжим, үндэсний ахуйгаа илэрхийлэх уран бүтээлүүддээ маш их цаг хугацаа, сэтгэлээ зарцуулж бүтээхийг эрхэмлэдэг. Сүүлд гаргасан “Татлагын холбоо” дуугаа УГЗ Ж.Мэнд-Амар агсны сайхан аялгуун дээр шинэ үеийн продюсеруудтай хамтран найруулж бүтээсэн. Мэдээж аливаа урлагийн бүтээлд эш татахдаа зохиогчийн эрхийг хүндэтгэж ажиллах нь маш чухал. Тиймээс зохиогчийн эрх эзэмшигчээс албан ёсоор зөвшөөрөл авч, хүндэтгэл үзүүлж уг бүтээлээ нийтэд хүргэсэн.
-Таны дуунууд уянгын, хайрын тухай байдаг шүү дээ. Аливаа уран бүтээлд төрөл жанр гэж байдаг. Таны хувьд аль жанраар дуулдаг вэ?
-Нэгэн продюсер ах маань “Чиний дуунууд попынх ч биш, зохиолынх ч биш, Баярцэнгэл хэв маяг юм биш үү” гэж хэлж билээ. Миний хувьд өөрийн гэсэн дуулалтын арга барил мэдрэмжээ л илэрхийлэхийг хичээдэг. Яг энэ асуултын хариултад поп гэж хэлэх юм байна.
-Үзэгч, сонсогчдын сэтгэлд хүрсэн маш олон дуу бий. Түүний дотроос “Санахдаа” дууг онцолъё. Эхнэртээ зориулсан юм билээ. Ханьтайгаа учирсан тэр сайхан дурсамжаа хуваалцаач?
-“Санахдаа” дуугаа эхнэртээ зориулж бүтээсэн болохоор илүү нандин байдаг. Хаана ч явсан эхнэрээ санаад байдаг юм. Бид хоёр арван жилийн нэг анги. Гэхдээ хамтдаа хичээлд нэг л өдөр суусан. Эхнэр маань шилжиж ирээд, маргааш нь би өөр сургууль руу шилжсэн. Тэгээд л нэгнээ мэддэг болсон. Хааяа таарахдаа мэндлээд өнгөрдөг байлаа. Сүүлд оюутан болсныхоо дараа хотод автобусанд дахин таарч билээ. Тэр үеэс хойш одоо өнөр гэр бүл болжээ.
-Уран бүтээлчид тоглолтоо хийхдээ онцлог, шинэлэг зүйлээ их ярьдаг шүү дээ. Таны энэ удаагийн тоглолтын онцлогийг дурдвал…?
-Миний тоглолтын хамгийн гол онцлог амьд хөгжим. “Хайр эзэнтэй” тоглолтоо амьд хөгжим, мэдрэмжээр дүүргэнэ. Цэнгэлдэх дүүрэн сонсогчид, алга ташилт гээд тэр сайхан, нандин мэдрэмжүүдээ хадгалж үлдмээр байна.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Д.Отгонтуяа