Германы зэвсэг үйлдвэрлэгч “Rheinmetall” компани их бууны сүм үйлдвэрлэлээр Европт хамгийн томд тооцогдох үйлдвэрийг лхагва гарагт нээсэн байна.
Unterluess хэмээн нэрлэсэн тус үйлдвэр нь 5 хөл бөмбөгийн талбайд нийлүүлсэнтэй тэнцэх, 30 мянган метр хавтгай дөрвөлжин талбайтай асар том үйлдвэр бөгөөд 2027 он гэхэд жилдээ 350,000 ширхэг их бууны сум үйлдвэрлэдэг болох зорилготой ажээ.
НАТО-гийн ЕНБД Марк Рютте үйлдвэрийн нээлтийн ёслолд оролцож хэлсэн үгэндээ “Европын аюулгүй байдал болон Украин улсад маш чухал үйл явдал болж байна, Хятад, Оросын зүгээс ирэх сорилттой тулгарч байгаа хэдий ч Европ болон АНУ нь хамтын ажиллагааны үндсэн дээр батлан хамгаалах салбарын үйлдвэрлэлд томоохон ахиц дэвшил гаргах болно” гэжээ.
Мөн тэрээр Европ дахь их бууны сумын үйлдвэрлэлийн хэмжээ 2 жилийн өмнөхөөс 6 дахин нэмэгдсэнийг дурьдаж, Герман улс энэ жил зээлийн хууль тогтоомж, дүрэм журмаа зөөлрүүлснээр зэвсэг, техникийг худалдан авахад олон тэрбумын зээл олгох боломжтой болсныг онцолжээ.
Нээлтэд оролцсон ХБНГУ-ын батлан хамгаалахын сайд Борис Писториус мөн батлан хамгаалах салбарын төсөв зардлын амлалтаа тодорхой хүчин чадал болгон хувиргаж, үйлдвэрлэлийн баазаа хөгжүүлэхгүй бол Европ аюулгүй байдлын сорилтуудыг даван туулж чадахгүй гэдгийг тодотгосон байна.
“Rheinmetall” компанийн Unterluess үйлдвэр нь хэдийнээ Украины армид ашиглагдаж байгаа Леопард 2 танкны буу болон сумыг үйлдвэрлээд эхэлжээ. Мөн ХБНГУ-ын засгийн газраас 2024 оны 7-р сард захиалсан 8.5 тэрбум еврогийн (9.3 тэрбум ам.доллар) өртөг бүхий сумын захиалгыг гүйцэтгэхэд туслах ажээ.
Түүнчлэн ХБНГУ-ын засгийн газар лхагва гарагт цэрэгт элсэгчдийн тоо хэмжээг нэмэгдүүлэх зорилготой хуулийн төслийг батлаж, сайн дураараа цэрэгт татагдах хүмүүсийн тоо хүрэлцэхгүй тохиолдолд албадан цэргийн алба хаах заалтыг тусгасан байна. Өнөөдрийн байдлаар Герман улсын зэвсэгт хүчинд 182 мянга орчим цэрэг зүтгэж байгаа бол энэ тоог 260 мянга болгож нэмэгдүүлэх ёстой хэмээн батлан хамгаалахын сайд Б.Писториус тодотгосон байна.