Говь-Алтай аймгийн Алтай сумын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд өдөртөө 2 цаг цахилгаантай, бусад үед тоггүй сууж байна. Тус аймгийн 18 сумаас Алтай-Улиастайн эрчим хүчний системд холбогдоогүй ганц сум нь Алтай.
Иймд ирэх 10-р сараас БНХАУ-ын Хами аймгаас цахилгаан авахаар болжээ. “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” Хятадаас цахилгаан оруулж ирэх зөвшөөрлөө Эрчим хүчний зохицуулах хорооноос авсан, одоо Хами аймагтай цахилгаан худалдах-худалдан авах гэрээ байгуулахаар хүлээж байна. Гэрээ байгуулбал Алтай сумынхан цахилгаанаар тасрахгүй гэнэ.
Үүний учрыг дор сийрүүлье.
Манай улс 2018 онд Азийн хөгжлийн банкнаас зээл авч, энэ суманд Нар, салхинаас эрчим хүч үйлдвэрлэх эх үүсвэр байрлуулсан юм. Гэвч тэр нь хэрэглэгчдийн хэрэгцээг хүчрэхгүй байсан тул Нарны цэнэг хураах систем нэмж суурилуулжээ. Үүнийг 2021 оны 8-р сараас суурилуулж, 2022 оны 6-р сард ашиглалтад оруулжээ. 1 сая гаруй ам.доллароор босгосон уг хураагуур 600 кВт-ын багтаамжтай, 3000 кВт/ц-ын багтаамжтай. 150 кВт-ын 2 дизель станцтай. Ингэснээр тус сумын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадал хоёр дахин нэмэгджээ.
2023-2024 онд Алтай сумаас Бургастайн боомт руу 35 кВ-ын 70.7 км урт шугам татаж, дэд станц барин, сумын төвийн 0.4 кВт-ын цахилгаан дамжуулах шугам сүлжээг шинэчилжээ. Үүнийг “Алтайн хүдэр” компанийн Бургастайн боомтоор дамжуулан Хятадаас татсан цахилгаан дамжуулах шугамд холбож, Алтай сумын иргэдийг импортын цахилгаанаар хангадаг болжээ. Ингэхдээ тус сумын хэрэглэгчдэд хэрэгцээт цахилгааны хагасыг Хятадаас авсан цахилгаанаар, хагасыг нь Нарны эрчим хүчээр хангадаг байжээ.
Алтай сумын айл, албан байгууллагууд импортоор авсан цахилгааны төлбөрөө “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-д төлдөг. Түүнийг нь “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” компаниас “Алтайн хүдэр” компанид шилжүүлэх ёстой. Гэтэл “Алтайн хүдэр” компани гадаадаас цахилгаан импортлох, худалдан борлуулах тусгай зөвшөөрөлгүй ажээ. Иймд “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК уг төлбөрийг шилжүүлэх боломжгүйд хүрчээ. Үүнээс болоод Хами аймгаас цахилгаан авахаар төлөвлөж буй аж.