Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

Салбарын сайд олдохгүй, хойноос нь сэтгүүлчид чаргуулдсан өдрүүд өнгөрч байна. Эрдэнэтийн ДЦС-д осол гарч, Эрдэнэт хот энэ өвөл онд орох эсэх нь эргэлзээтэй болж, манай улсын 8 аймаг цахилгаангүй боллоо. Хариулт алга.

Сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарт албан тушаал, ашиг сонирхлын зөрчил гаарч, шинэ станц барих ажил тэр хэрээр удааширч ирсэн. Зөвхөн V цахилгаан станц барих талаар маргалдсаар 20 жил боллоо.

Маргалдах зуур ДЦС-3 дээр байгаа нийт тоног, төхөөрөмжийн 70 гаруй хувийнх нь ашиглах хугацаа дууссан. Нийт тоноглолын 60 орчим хувийг бүрэн засах шаардлагатай. Энэ оны төсвийн тодотголд 50 МВт-ын нэг, 25МВт-ын нэг машиныг бүрэн шинэчлэхээр болсон ч ажил дуусаагүй байна. Өнгөрсөн зургаадугаар сард гарсан турбины гэмтлийн шалтгааныг одоо болтол тогтоогоогүй. Шатсан турбин харин хамгийн сүүлийн үеийн буюу 2014 онд ашиглалтад орсон 50 Мвт-ын шинэ турбин байсан.

Эрчим хүчний салбарт энэ мэтчилэн доголдол гарсаар эрэлтээ хангаж чадахгүй сөхрөхөд бэлэн болсон эрчим хүчний салбар амь тэмцэж байна. Бас л хариу алга.

Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайдыг дахин томилохдоо түүнд 100 хоногийн даалгавар өгч, ажлаа сайжруулахыг үүрэгдсэн. Салбарыг том зургаар нь харж, шийдэл гарц хайх чиглэл авч, Б.Чойжилсүрэн суудалдаа үлдэж чадсан. Харин эрчим хүчний салбарт бугшсан асуудал ар араасаа цуварч, энэ өвөл өнтэй өвөлжих эсэх нь эргэлзээтэй болж эхэллээ. Харин салбарын сайд том зургаар нь авч үзэж байгаа ажлуудаа эхнээс нь тайлбарлах цаг боллоо. Зугтаад нэмэргүй, өвөл хаяанд ирсэн цаг дор том, жижиг зураглалаа тайлбарлах нь зүйд нийцнэ.

Энэ өвөл дулааны үнэ нэмнэ гэдгээ аль хэдийнэ зарласан. Өнгөрсөн жил цахилгааны үнэ өсөж иргэд, ах ахуйн нэгжид багагүй дарамт учруулсан. Арайхийж өрхийн төсвөө тохируулж сурч эхэлж байна. Ийм байтал дулааны төлбөр өсчихвөл хэрхэн хүлээж авахыг одоо хэлэхэд эрт байна.

Улаанбаатар хотын дулаан хангамжийн асуудал бол үндэсний аюулгүй байдалтай шууд хамаарах асуудал. Хот хөлдөх, эс хөлдөх үү гэдэг асуудал үүсээд байна.

Салбарын сайд хаана явна аа.

2025-2026 оны өвлийн их ачааллын үед оргил ачаалал 12 дугаар сард 1800 МВт хүрэх тооцоо гаргасан. Үүнээс

Дотоодын эх үүсвэрүүдээс 1197 МВт,

Батарей хуримтлуураас 160 МВт,

Салхин станцаас 30 МВт,

Импортоор 300 МВт тус тус хангаж, 113 МВт-ын хязгаарлалт хийнэ

Улаанбаатарын хотын 2025-2026 оны өвлийн оргил ачааллын үед нийт 31,158 тн/цаг сүлжээний усыг халааж, 2060.2 Гкал/цаг дулааны ачаалалд ажиллахаар байна. Үүнээс

ДЦС-2 964 тн/цаг буюу 62.9 Гкал/цаг,

ДЦС-3 8452 тн/цаг буюу 560 Гкал/цаг,

Амгалан ДС 5583 тн/цаг буюу 367.3 Гкал/цаг,

ДЦС-4 16,159 тн/цаг буюу 1070 Гкал/цагийн ачаалалттай тус тус ажиллана.

- Шинэ
- Хандалттай